🔴КОП17 хурлын үеэр тэг зогсолт үүсэхээс сэргийлж нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

AI хөрвүүлсэн
🔴КОП17 хурлын үеэр тэг зогсолт үүсэхээс сэргийлж нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсад олон улсын КОП17 хурал зохион байгуулахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ болон замын хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаны төлөөллүүд мэдээлэл өглөө. Хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт, замын хөдөлгөөний хязгаарлалт, авто зогсоолуудын шинэ зохион байгуулалт болон цагдаагийн хамгаалалтын талаар шийдвэрүүдийг танилцуулав.

Олон улсын "КОП7" хуралд оролцохоор одоогийн байдлаар гадаадын 6,000 орчим төлөөлөгч бүртгүүлээд байгаа бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Хурлын үеэр Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хязгаарлана.

Мөн түгжрэл үүсэхээс сэргийлж нийтийн тээврийн 13 ААН, байгууллагын 100 гаруй тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилгээнд гарна. Нийтдээ 17 чиглэлээс үйл ажиллагаа явуулж, "КОП 17" хурлын үндсэн талбай болон төлөөлөгчдийн байрлах 36 зочид буудлыг холбоно. 

Наймдугаар сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд Чингис хаан ОУНБ-аас төлөөлөгчдийн байрлах 36 зочид буудал руу таван чиглэлээр 60 гаруй автобус тусгай захиалгат үйлчилгээг цаг тутамд үзүүлнэ. Эдгээр нэмэлтээр гаргаж байгаа таван чиглэл нь үнэ төлбөргүй бөгөөд зөвхөн "КОП17" хуралд бүртгэгдсэн, мандаттай дотоодын болон олон улсын төлөөлөгчдөд үйлчилнэ. Нисэх буудлын чиглэлд тогтмол явж байгаа хоёр чиглэлийн автобус төлбөртэйгөөр хэвийн үйлчилнэ гэв. 

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр одоогийн байдлаар 150 орчим өндөр хэмжээний айлчлал хийх төлөөлөгч ирнэ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Монголын талаас тусгай суудлын машинаар хангах үүргийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн 150 орчим суудлын машинаар замын хөдөлгөөний тусгай зохицуулалттайгаар үйлчилгээ үзүүлэхээр тээвэр зохион байгуулалтыг хийж байгаа аж. 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын долоодугаар сарын 31-ний өдрийн А/1066 болон А/1067 тоот захирамжыг танилцууллаа. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон "КОП17" арга хэмжээ давхцаж байгаа бөгөөд хурлын бүс болох Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүд нэг цэгт төвлөрч ачаалал үүсгэдэг. Статистик мэдээллээр зорчилт хөдөлгөөн өмнөх оны мөн үеэс 11 хувиар нэмэгдсэн байна. Хэрэв зохицуулалт хийхгүй бол хөдөлгөөний хурд 7 км/ц-аас доош орж, тэг зогсолт үүсэх эрсдэлтэй байгаа тул урьдчилан сэргийлж энэхүү шийдвэрийг гаргажээ. 

Нийт 28 хоногийн турш улсын дугаарын сүүлийн орноор тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна. Есдүгээр сарын 1-ний өдөр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд хэвийн оролцоно. Энэ удаагийн хязгаарлалт нь бүсчлэлгүй бөгөөд Улаанбаатар хотын нийт 160 гэрэл дохиотой уулзварын теле хяналтын камераар хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд цахим системээр хариуцлага тооцно.

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолуудыг хаана. Худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд зөвхөн зогсоолын зориулалтыг өөрчилнө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.