"Дельфин" хар салхины улмаас Шанхай хотод олон улсын 1400 орчим нислэгийг цуцалжээ
"Дельфин" хэмээх 2026 оны 13 дахь удаагийн хүчтэй хар салхи Хятадын зүүн эргийг чиглэн урагшилж байгаа бөгөөд наймдугаар сарын 9-ний ням гаргийн шөнөөс 10-ны даваа гаргийн өглөөний хооронд Жэжян мужийн Жоушань болон Фужянь мужийн Фудин хотуудын хооронд газардах төлөвтэй байна.
Одоогийн байдлаар тус хар салхины төв хэсэгт салхины хурд цагт 162 километрт хүрч байгаа нь далайн хар салхины хоёрдугаар зэрэглэлтэй дүйцэж байгаа бөгөөд үер ус, хөрсний нуралт үүсэх, дэд бүтэц сүйрэх эрсдэлийг дагуулж байна. Хятадын цаг уурын албанаас хамгийн аюултай улаан түвшний түгшүүр зарлаж, орон нутгийн эрх баригчид яаралтай арга хэмжээ авч эхэлжээ.
Жэжян муж бямба гаргийн шөнө онцгой байдлын бэлэн байдлыг нэгдүгээр зэрэглэлд шилжүүлсэн бол Усны нөөцийн яамнаас Шанхай, Жянсү, Жэжян, Аньхуй, Фужянь, Жянши зэрэг зүүн бүсийн зургаан мужид үерийн аюулаас хамгаалах гурав болон дөрөвдүгээр зэрэглэлийн бэлэн байдлыг идэвхжүүлсэн байна.
Одоогийн байдлаар Фужянь мужийн аюултай бүс нутгаас 99 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд Шанхай хотын Яншань боомтоос 500 гаруй усан онгоцыг аюулгүй газарт байрлуулжээ.
Хар салхины улмаас бүс нутгийн хэмжээнд тээврийн салбарт томоохон саатал үүсээд байна. Шанхай хотын олон улсын хоёр гол нисэх буудалд ням гаргийн нислэгүүдийн 60 орчим хувь буюу 1400 орчим нислэг цуцлагдсан бол Жэжян мужийн Ханжоу хотын нисэх буудал 270 нислэгээ цуцалжээ. Үүнээс гадна Жэжян болон Фужянь мужуудын далайн эргийн дагуух 200 гаруй гарам, усан замын тээврийн чиглэлийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Цаг уурчдын мэдээлж буйгаар зүүн болон төвийн мужуудад наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Ялангуяа Жэжян мужийн төв болон зүүн хэсгээр 250-аас 500 миллиметр, зарим хэсэгт 600 миллиметрээс давах хур тунадас орох магадлалтай байгаа юм. Ийм хэмжээний их хур тунадас нь уулын үер буух, хөрсний гулсалт үүсэх, усан сангууд хальж үерлэх, түүнчлэн хот суурин газрууд усанд автах эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.