БНАСАУ-аас ОХУ-д 50 мянган цэрэг илгээнэ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2026 оны наймдугаар сарын 8-ны бямба гаргийн телевизийн ярилцлагадаа ОХУ өөрийн газар нутагт БНАСАУ-ын 30-50 мянган цэргийг байршуулахаар төлөвлөж байгааг анхаарууллаа.
Ерөнхийлөгч Зеленскийн хэлснээр ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Хойд Солонгосын цэргийн бие бүрэлдэхүүн анх хэдэн зуугаар хэмжигдэж байсан бол удалгүй хэдэн мянга болж, улмаар 30-аас 50 мянган цэргийг байршуулах шийдвэр гарсан байна. Эдгээр цэргийг ОХУ-д байршуулах гол зорилго нь орчин үеийн дайны тактикт суралцуулах, байлдааны бодит туршлага хуримтлуулах явдал ажээ. Пхеньян орчин үеийн байлдааны арга барилыг эзэмшиж, Москвагаас дэвшилтэт зэвсэг, цэргийн технологи шууд хүлээн авснаар Номхон далай болон Азийн бүс нутгийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгааг тэрбээр онцлов.
Үүнээс гадна Хойд Солонгосын зэвсэг Украины нутаг дэвсгэрт аль хэдийн ашиглагдаж байгаа нь батлагдсан болохыг Зеленский санууллаа. Украины тал цохилтод өртсөн газруудаас БНАСАУ-ын пуужингийн үлдэгдлийг илрүүлээд байна. Саяхан Хойд Солонгосоос ОХУ-д 100 гаруй баллистик пуужин илгээсэн бөгөөд 2026 оны долоодугаар сарын 30-нд Кривой Рог хотын ойролцоох тосгонд БНАСАУ-ын "KN-23" баллистик пуужин унасны улмаас зургаан энгийн иргэн амиа алдсан юм.
Зеленский БНСУ-д хандан хоёр талын хамтын ажиллагаагаа ойртуулахыг уриаллаа. Украин улс өөрт тулгараад буй агаарын довтолгооноос хамгаалах системийн хомстолыг шийдвэрлэхийн тулд Сөүлээс дэмжлэг авах сонирхолтой байна. Үүний хариуд Украин улс байлдааны талбарт туршигдсан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн дэвшилтэт технологи, туршлагаа хуваалцах "Дроны хэлэлцээр" хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хэдийгээр Өмнөд Солонгосын үндсэн хууль болон хууль эрх зүйн орчин нь гадаад улсад шууд цэргийн тусламж үзүүлэхийг хязгаарладаг ч хоёр орны дипломатууд хамтран ажиллах боломжит хувилбаруудыг эрэлхийлж байна.
Эх сурвалж:
• unn.ua
• unn.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.