Өмнөд Солонгост хэт халууны улмаас амиа алдсан хүний тоо 23-т хүржээ
Сөүл хотын Новод дүүрэгт агаарын температур 40.2°C хүрч халсан бөгөөд хотын бусад хэсэгт дунджаар 38°C-39°C хэм хүрчээ. Үндэсний хэмжээнд хамгийн халуун цэг нь Янсан хот байсан бөгөөд наймдугаар сарын 2-ны ням гаргийн хэмжилтээр 42.5°C хүрсэн байна.
Үүнтэй холбогдуулан Сөүл болон бусад томоохон хотуудад "маш аюултай хэт халалтын" зэрэглэлийг зарлаж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар халууны улмаас амиа алдсан хүний тоо 23-т хүрсэн бөгөөд эдгээр нас баралтын дийлэнх буюу зургаан тохиолдол тутмын нэг нь 80-аас дээш насны өндөр настнууд байна. Мөн тавдугаар сарын дундаас хойш нийт 2000 гаруй хүн халуунд цохиулж эмнэлэгт хандсан бөгөөд тэдгээрийн дотор тариаланчид болон барилгын ажилчид хамгийн ихээр өртжээ.
Ерөнхийлөгч И Жэ Мён шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болгов. Засгийн газраас тариалангийн талбайд ажиллаж буй иргэдэд дрон ашиглан сэрэмжлүүлэг хүргэж, гадаа ажилладаг ажилчдын үдийн цайны цагийг сунган, халууны оргил үед ажиллахыг хориглосон байна. Түүнчлэн нисэх онгоцны буудал, метроны буудал, худалдааны төвүүдийг сэрүүцүүлэх байр болгон ашиглаж, замын температурыг бууруулах ус цацагч машинуудыг тасралтгүй ажиллуулж эхэллээ. Мөн Солонгосын мэргэжлийн бейсболын лиг (KBO) хэт халууны улмаас тоглолтуудаа цуцлаад байна.
Энэхүү хэт халалт нь "Дельфин" хар салхины нөлөөгөөр Солонгосын хойг руу халуун, хуурай агаар үлээж байгаатай холбоотой юм. Агааржуулагчийн хэрэглээ огцом нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа тул эрчим хүчний системд хяналт тогтоожээ. Ирэх амралтын өдрүүдэд халууны эрч бага зэрэг буурч, 26°C-35°C хэм болох төлөвтэй байгаа ч халуун, чийглэг уур амьсгал үргэлжлэх тул холбогдох албаныхан сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж:
• ikon.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.