Дональд Трамп АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгохыг хязгаарлах шийдвэр гаргав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр Цагаан ордонд АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд автоматаар иргэншил олгохыг хязгаарлах болон "төрөх аялал жуулчлал"-тай тэмцэх чиглэлээр хоёр шинэ гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа.
Өмнө нь Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр "Америкийн иргэншлийн утга учир, үнэ цэнийг хамгаалах тухай" 14160 дугаартай гүйцэтгэх захирамж гаргаж байсан юм. Уг захирамжаар бичиг баримтгүй цагаачид болон түр хугацааны визтэй иргэдийн АНУ-д төрсөн хүүхдүүдэд автоматаар иргэншил олгохыг зогсоохыг оролдсон байна. Гэвч АНУ-ын Дээд шүүх 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Дональд Трампын гаргасан эхний шинэ захирамж нь "Америкийн иргэншлийн утга учир, үнэ цэнийг үргэлжлүүлэн хамгаалах тухай" нэртэй бөгөөд холбооны агентлагуудад дөрвөн тодорхой тохиолдолд иргэншлийн баримт бичиг олгохгүй байхыг үүрэг болгожээ. Үүнд, эцэг эхийн аль нэг нь гадаадын террорист байгууллагын гишүүн эсвэл дэлхийн террористуудын жагсаалтад орсон тохиолдолд, мөн дипломат эрх ямба бүхий гадаад улсын засгийн газрын ажилтан бол иргэншил олгохгүй. Түүнчлэн хүүхдэд иргэншил олж авах зорилгоор тээгч эх хөлслөх зэрэг арилжааны хэлцэл хийсэн, эсвэл холбооны хуулиар иргэншил олгохоор тусгайлан заагаагүй АНУ-ын харьяа газар нутагт төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хориглосон байна.
Хоёр дахь захирамж нь "Төрөх аялал жуулчлалыг зогсоох" чиглэлээр гарсан бөгөөд зөвхөн хүүхдээ АНУ-ын иргэн болгох зорилгоор тус улсыг зорьж буй гадаадын иргэдийн эсрэг чиглэжээ. Шинэ зохицуулалтаар Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яаманд виз олгохоос татгалзах, аяллын зөвшөөрлийг цуцлах, хилээр нэвтрүүлэхгүй байх болон албадан гаргах эрхийг шилжүүлсэн байна. Шилжилт хөдөлгөөний бодлогын хүрээлэнгийн тооцоолсноор АНУ-д жил бүр 22,000-аас 26,000 орчим "төрөх аялал жуулчлал"-ын тохиолдол бүртгэгддэг бол албан ёсны мэдээллээр энэ тоо 9,600 орчим байдаг нь нийт төрөлтийн нэг хувьд ч хүрдэггүй байна.
Эх сурвалж:
•
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.