Тайландад хөлбөмбөгийн тэмцээний үеэр аянга бууж нэг тамирчин амиа алджээ
Тайландын өмнөд хэсгийн Наративат мужийн Сунгай Голок хотод зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр талбайд аянга бууж, 24 настай хөлбөмбөгчин Софван Авае амиа алдаж, 12 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарлаа. Уг явдал 2026 оны наймдугаар сарын 4-ний мягмар гарагт тус хотын "Сантипап" цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.
Амиа алдсан тамирчин Софван Авае нь тухайн тоглолтод жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан бөгөөд Тайландын гуравдугаар лигийн "Yala FC" клубтэй албан ёсны гэрээ байгуулаад ердөө хэдхэн хоног өнгөрч байжээ. Аянга талбайн төв хэсэгт шууд буух үед тэрээр хүнд бэртэж, Сунгай Голок эмнэлэгт яаралтай хүргэгдсэн боловч авсан гэмтлээ даалгүй нас барсан байна.
Бэртсэн хүмүүсийн дунд "SAMCOLTS" багийн бүрэлдэхүүнд тоглож байсан Малайзын 22 настай хөлбөмбөгчин Мухаммед Алиф Эззахан Зулкифли байгаа бөгөөд тэрээр одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тус тоглолт нь Тайланд болон Малайз улсын спорт, соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилготой "Golok FA Cup 2026" тэмцээний хагас шигшээ тоглолт байсан бөгөөд хоёр улсын холимог тамирчдаас бүрдсэн "SAMCOLTS" болон "Abu x Nong Sirin" багуудын хооронд өрнөж байжээ.
Хэрэг гарах үед цэнгэлдэх хүрээлэнд хүчтэй аадар бороо орж байсан бөгөөд гэрчүүдийн бичсэн дүрс бичлэгээс үзэхэд талбайн төв хэсэгт асар хүчтэй аянга бууж, дэлбэрэлт мэт дуу гарах үед хэд хэдэн тоглогч зэрэг газарт унан ухаан алджээ. Тоглогчид унах үед багийн нөхөд болон талбайн эмч, албаны хүмүүс шууд талбай руу гүйн орж, хиймэл амьсгал зэрэг анхны тусламж үзүүлсэн байна. Цаг агаарын аюултай нөхцөлд, ялангуяа аянга цахилгаантай үед задгай талбайд спортын тэмцээн уралдааныг зогсоохгүй үргэлжлүүлсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.