УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа нар өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Жим Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй манай анхны парламентын 25 хувь нь эмэгтэй гишүүд болохыг танилцуулав. Мөн тэрбээр Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Жим Шиг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд, өргөжин тэлж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг бүрнээ дэмжихээ илэрхийллээ. Тэрбээр Үндэсний Ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга болохоо танилцуулаад, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус намын бүлгийн гишүүн Сун Он Сог, Юү Санг Бом, Ким Ми Еэ, Ким Ин Хэ, Пак Сү Мин, Чой Сү Жин нар хүрэлцэн ирснийг танилцуулсан юм.
Хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирснийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэмдэглээд, түүний дотор хууль тогтоох байгууллагууд, Байнгын хороод, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон. Түүнчлэн түүх, соёлын хувьд уламжлалт холбоотой, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” Бүгд Найрамдах Солонгос Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийн 2025 оны 4 дүгээр сард, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы энэ оны 7 дугаар сард, мөн Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийн 7 дугаар сард Монгол Улсад хийсэн тус тус айлчлалууд нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлээрх яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгож буйг илтгэж байна хэмээв.
Манай улсын эдийн засаг өндөр идэвхжилтэй байдаг чухал цаг хугацаанд бүс нутгийн нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсад бүх төрлийн шатахууны хангамжийн асуудал хүндрэлтэй болоод байгааг, мөн эрчим хүчний хангамжийн найдвартай, тогтвортой байдалд анхаарах шаардлага үүсээд буйг Г.Тэмүүлэн гишүүн дэлгэрэнгүй танилцуулаад, энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж буй яриа хэлцэлд парламентын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлж, тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулахыг хүслээ. Үр дүнд нь нийт хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын эл дэмжлэг Монголын ард түмэнд чухал байх болно хэмээсэн. Үүний сацуу тус улсын хөнгөлөлттэй зээлээр, Монгол Улсын нийт газар нутгийн 50 хувийг хамарч хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.
Үүсээд буй нөхцөлийн талаар Элчин сайд Чой Жин Вон-оос дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэх боломжийн талаар бүх түвшинд судлахаа Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн, ноён Жон Жим Шиг илэрхийллээ. Хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны өргөжин тэлж буй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, нягтруулахад чухал ач холбогдолтой болохыг тэрбээр тэмдэглээд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн үйл ажиллагааны талаар онцлон, талархал илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл хоёр улсын парламентын бүлгийн идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэн, НҮБХХ-өөс БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн талаар дуулгав. Жендэрийн эрх тэгш оролцоог хангах чиглэлд бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлж, дэлхийн дунджид хүрсэн Монгол Улсын парламентын энэ манлайлалд дээрх төсөл бодит хувь нэмэр оруулсан гэдгийг Б.Мөнхсоёл гишүүн тэмдэглээд, төслийг өргөжүүлэн залуучуудын оролцоог дэмжихээр II шатыг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгааг дуулгасан юм. Хоёр улсын хамтын ажиллагааны харилцан ашигтай жишээ олон бөгөөд цаашид хиймэл оюун, өгөгдлийн чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх хүрээнд кибер орчны аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж байв.
Тус улсад ажиллаж, амьдарч буй 60 мянга гаруй монгол иргэдийн 10 мянга гаруй нь хүүхдүүд байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Д.Энхтуяа дурдаад, тэдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарч өгөхийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдөөс хүсэхэд, хариуд нь хүүхдүүдэд онцгой анхаарал тавьж ажиллахаа Солонгосын тал мэдэгдэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцож, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах энхтайванч хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Уулзалтад Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон болон албаны бусад хүмүүс оролцсон
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.