Кумамотогийн газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 38-д хүрчээ
Японы Кумамото мужид долоодугаар сарын 28-ны өдөр болсон 7.1 балын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрч, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт сэргээн босгох, тусламж үзүүлэх ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн 6900-7100 орчим иргэн түр хоргодох байранд амьдарч байгаа бөгөөд цаг агаарын хэт халалт болон ойртож буй хар салхины улмаас хүчтэй аадар бороо орж, газар хөдлөлтөд суларсан хөрсөнд хөрсний нуралт үүсэх өндөр эрсдэл тулгарчээ.
Гамшгийн улмаас амиа алдсан 38 хүний дунд үйлдвэр, худалдааны төвийн нурангид дарагдсан иргэд багагүй хувийг эзэлж байна. Гамшгийн улмаас 120 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд түр хоргодох байрны гадна, автомашиндаа хоноглож байсан 70 гаруй насны эмэгтэй халуунд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Наймдугаар сарын 3-ны өдөр Кумамото хотод агаарын температур 40.3 хэмд хүрч халсан бөгөөд энэ нь агааржуулагчгүй хоргодох байранд байгаа иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар дэд бүтцийг сэргээх, түр сууц барихад зориулж нөөц хөрөнгөөс 24.2 тэрбум иен буюу ойролцоогоор 150 сая ам.долларыг баталжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.