Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмамоли Рахмоны айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан долоодугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо боллоо.
Хуралдааныг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Тажикистаны талаас Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода нар хамтран ахалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. Талууд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, эрчим хүч, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комиссын үүрэг чухал болохыг онцоллоо.

Мөн хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай замын зураглал”-д гарын үсэг зурж, ажлын хэсэг байгуулан хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцоог үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тээвэр, логистикийн саадыг бууруулах шаардлагатай гэдэгт санал нэгдэж, олон улсын авто замын ачаа, зорчигч тээврийн хэлэлцээр байгуулж, цаашид агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлэв.
Хоёр улсын худалдааны эргэлт өсөж, 2024 онд 130 гаруй мянган ам.доллар байсан бол 2025 онд 1.5 сая гаруй ам.долларт хүрчээ. Монгол Улс Тажикистанаас жимс, жимсгэнэ импортолж, мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа бөгөөд хуралдааны төгсгөлд хамтын ажиллагааны протокол байгуулахаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.