Жэффри Эпштейний шоронд байхдаа ч хүчингийн хэрэг үйлдэж байжээ
АНУ-ын хэвлэл мэдээллийн Си-Эн-Эн (CNN) агентлаг 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан Жэффри Эпштейний хохирогч Роза Жиллесийн өгсөн ярилцлагыг нийтэлж, түүнд тохиолдсон хэргийг олон нийтэд анх удаа ил болголоо.
Хохирогч Роза Жиллесийг 18 настай загвар өмсөгч байхад нь Жэффри Эпштейн анх хүчирхийлсэн бөгөөд уг хэрэг нь Эпштейнийг шоронд ял эдэлж байх үед болсон гэдгээрээ олон нийтийг цочроогоод байна.
Роза Жиллесийн хуваалцсан мэдээллээр Жэффри Эпштейн нь хоригдож байх үедээ "ер бусын, хэт чөлөөтэй" нэгэн байжээ.
Тэрээр 2008-2009 оны хооронд Флорида мужийн Палм Бич тойргийн шоронд ял эдэлж байхдаа өдөрт 12 цагийг "ажлын чөлөөлөлт" нэрээр гадуур өнгөрүүлэх зөвшөөрөлтэй байжээ. Ийм давуу эрхээ ашиглан тэрээр ял эдэлж байх хугацаандаа 18 настай охиныг дарамталж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Си-Эн-Эн агентлагийн бэлтгэсэн тусгай сурвалжилга нийтлэгдсэн даруйдаа цахим орчинд хүчтэй давлагаа үүсгэв.
Реддит (Reddit) платформын улс төр, энтертайнмент болон хууль эрх зүйн мэдээллийн томоохон хэлэлцүүлгийн хэсгүүдэд уг сэдэв хамгийн их хандалттай мэдээллээр тодорчээ. Олон нийтийн зүгээс ялтан хэрхэн шоронгийн гадна бэлгийн хүчирхийлэл үйлдэж чадсан бэ гэдэгт хариулт нэхэж, хуулийн байгууллага болон хуулийн цоорхойг шүүмжилж эхэлсэн байна.
Орон нутгийн иргэд болон хууль хяналтынхан өөрсдийнх нь харьяалалд байдаг шоронд ял эдэлж байсан гэмт хэрэгтэн насанд хүрээгүй шахам охиныг хүчирхийлсэнд ихээхэн бухимдаж байгаа бөгөөд энэ нь тус бүс нутгийн хууль сахиулах тогтолцооны сул талыг дахин илчилсэн хэрэг болж байна.
Жэффри Эпштейний хэрэг хэдийгээр өнгөрсөн хугацаанд олон удаа хэлэлцэгдсэн ч Роза Жиллесийн ийн шүгэл үлээсэн нь түүний ял эдэлж байх үеийн давуу эрх, хуулийн цоорхойг илүү тодорхой болгож өглөө. Цаашид тус дуулиан нь шоронгийн дэглэм, ялангуяа нөлөө бүхий ялтнуудад олгодог "ажлын чөлөөлөлтийн хөтөлбөр"-ийг эргэн харах, хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.