Хятад, Франц, Японы шилдэг багууд монголын охидын хүчин мөхөстлөө
Улаанбаатар Амазонс баг Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Women's Series Jinan 2026" тэмцээнд гайхалтай тоглолтуудыг үзүүлж, аваргаар шалгарлаа. Тэд тэмцээний хамгийн хүнд оноолтуудыг даван туулж, энэ улирлын хоёр дахь "Women's Series"-ийн цомоо өргөж байна.

Энэ амралтын өдрүүдэд явагдсан "Women's Series Jinan 2026" тэмцээнд бүх багуудыг чансаагаар тэргүүлэн тоглосон Улаанбаатар Амазонс баг дараах гайхалтай тоглолтуудын үр дүнд аваргын цомыг өргөлөө.
Шөвгийн 8-д талбайн эзэн, тэмцээний гол фаворитуудын нэг БНХАУ-ын хүчирхэг шигшээ багийг 21:18 харьцаагаар буулган авлаа.
Харин хагас шигшээд Японы хүчирхэг багийн эсрэг тэнцүүхэн өрсөлдөж, 1 онооны зөрүүгээр (18:17) хожил байгуулан финалд шалгарсан юм.
Аваргын төлөөх тоглолт Францын шигшээ багийн эсрэг үнэхээр драмын, секунд бүр нь үнэ цэнэтэй ширүүн тэмцэл дунд өрнөлөө. Тоглолтын цаг дуусахад оноо 19:19 харьцаатай тэнцэж, хэн хэн нь алдах эрхгүй эгзэгтэй үед Амазонс багийн легионер Амари Робинсон доороос хүчтэй довтолгоо гүйцэтгэн шийдвэрлэх хожлын оноог авчирсан юм. Үүний дараа багийн хамгаалалт дээд цэгтээ ажиллаж, Францын сүүлийн довтолгоог зогсоосноор Амазонс Жинан шатны тэмцээний алтан медаль, аваргын цомыг хүртлээ.
Багийн ахлагч МУГТ О.Хулан тэмцээний турш хамгийн хариуцлагатай, шийдвэрлэх мөчүүдэд багаа тэргүүлж, тэмцээний үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор албан ёсоор тодорлоо.
-
Кэйли Труонг: Финалын тоглолтод Францын эсрэг алсын зайн шидэлтүүдээрээ багтаа асар том тус хүргэж, аваргын төлөөх тоглолтод ганцаараа 8 оноо авч багийн мэргэн бууч болсон.
-
МУГТ Б.Ариунцэцэг: Самбарын доорх тэмцэл, хамгаалалт болон Хятад, Японы багуудтай хийсэн тоглолтуудад довтолгооны гол цөм байж, хожилд жинтэй хувь нэмэр оруулсан.
Монголын 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд эмэгтэй баг маань дэлхийн цувралын (Women's Series) тэмцээнд талбайн эзэн Хятад, хүчирхэг Франц, Японы багуудыг дараалан хожиж түрүүлсэн нь маш том амжилт болж байна!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.