Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа.
Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний хорооны ажил урагштай, сайн явж байгаа мэдээллийг аваад сэтгэл хангалуун байна. Дэлхийн 190 гаруй улсын 2800 гаруй оролцогч өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгүүлснээс гадна 112 өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцохоор болсон нь өндөр амжилт. Хурал ойртох тусам энэ тоо улам нэмэгдэнэ. Хурлын хөтөлбөр тодорхой болж, бэлтгэл ажил нь 75-76 хувьтай явж байна гэдэг сайн мэдээ” гэж дүгнэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, КОП17-ын үеэр замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, их, дээд болон дунд сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хэд хоногийн хугацаатай ямар өөрчлөлт хийх талаарх бүх мэдээллийг наймдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор зарлахыг Боловсролын сайдад үүрэг болгов.
Мөн Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт, барилга байгууламжийн өнгө үзэмж, хашаа хайсыг цэгцлэх, засварлан сайжруулах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Хотын даргад даалгалаа. Тэрчлэн хурлын үеэр цахилгаан тасалдах, интернэт гацах, харуул хамгаалалт болон эмнэлгийн тусламж, төрийн өндөр дээд зочдын цуваа саатах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц төлөвлөгөө гаргаж ажиллахыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирт үүрэг болголоо.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.