🔴Зорчигчид жолоочид нөлөөлсний улмаас жолоодлого алдсан гэжээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-нд "Ниссан Ванет" болон "Тоёота Харриер" маркийн автомашинууд мөргөлдөж, хүний амь нас эрсэдсэн ноцтой зам тээврийн осол гарсан.
Ослын улмаас нэг том хүн, хоёр хүүхэд амь насаа алдаж, 8-52 насны зургаан иргэн гэмтэж бэртсэн байна. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хэргийн газарт шуурхай ажиллаж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг зохион байгуулжээ.
Урьдчилсан шалгалтаар "Тоёота Харриер" автомашинд зорчиж явсан иргэд жолоочийн анхааралд нөлөөлсний улмаас жолооч урсгал сөрж, жолоодлого алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Ослын шалтгааныг эцэслэн тогтоохоор шаардлагатай шинжилгээ, нотлох баримтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Цахим орчинд хохирогчдын зүгээс "Осол гаргасан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй сул чөлөөтэй явуулж байна" гэх мэдээлэл түгээсэн.
Цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ "жолоочийн согтуурлын зэргийг зөвхөн үлээлгэх багажаар шалгаад зогсохгүй, цуснаас дээж авч шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн. Одоогоор цусны дээжид мэргэжлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт тодорхой хугацааны дараа гарна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.