Перу улсад хүчтэй газар хөдлөлт болж зургаан хүн амиа алджээ
Перу улсын төв хэсгийн Андын нурууны бүс нутагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, зургаан хүн амиа алдаж, 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Орон нутгийн цагаар 2026 оны долоодугаар сарын 18-ны Бямба гарагийн 21:24 цагт болсон уг газар хөдлөлтийн улмаас олон зуун оршин суугчид орон гэргүй болж, түүхэн дурсгалт барилга байгууламжууд сүйджээ. АНУ-ын Геологийн алба (USGS) газар хөдлөлтийн хүчийг 5.5 магнитуд гэж тодорхойлсон бол Европын Газар дундын тэнгисийн сейсмологийн төв (EMSC) 5.6 магнитуд хүрч чичирхийлсэн хэмээн тэмдэглэсэн байна.
Газар хөдлөлтийн голомт нь Хуанкайо мужийн Сикая хотоос баруун-баруун өмнө зүгт хоёр орчим километрийн зайд, газрын гадаргаас ердөө 10 километрийн гүнд байжээ. Энэ нь нийслэл Лима хотоос зүүн зүгт 300 орчим километрт орших Хунин мужийн нутаг дэвсгэр юм. Үндсэн чичиргээнээс гадна тус бүс нутагт 5.1 болон 3.7 магнитудын хүчтэй дараалсан чичирхийллүүд бүртгэгдсэн байна.
Гамшгийн улмаас одоогоор 300 орчим иргэн орон гэргүй болж, гудамж талбай, олон нийтийн задгай талбайд хоног төөрүүлж байна. Перу улсын Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул сураггүй алга болсон хүмүүсийн тоог нарийвчлан тогтоох боломжгүй байгаа аж.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.