Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд 142 удаагийн ослын дуудлага бүртгэгджээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд 142 удаагийн ослын дуудлага бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
 
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албаны хэмжээнд долоодугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан билээ.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна. 
 
Алба хаагчид дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 39 хүний амь насыг аварч, 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 66 нь объектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, 23 нь усны осол, 19 нь үер, 11 нь ус, шавар суусан, 22 нь бусад (газар хөдлөлт, салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн осол) ослын дуудлага эзэлж байна.
 
Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 13, обьектын гал түймэрт хоёр, зам тээврийн осолд нэг, өндрөөс унах осолд нэг, бусад ахуйн осолд хоёр буюу нийт 19 хүн амь насаа алдсаны гурав нь хүүхэд байна.
 
Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн гурван дүүрэг, зургаан аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдлоор 13 хүн (том хүн 11, хүүхэд хоёр) амь насаа алдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон гурван иргэний эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.