Улаанбаатар Амазонс баг Хятадын шигшээ багтай тулна
БНХАУ-ын Шаньдун мужийн Жинан хотод анх удаа зохион байгуулагдаж буй Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Women's Series Jinan 2026" тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх шилдэг найман баг тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас гурван баг өрсөлдсөнөөс чансааны дагуу бүх багуудыг тэргүүлэн тоглосон Улаанбаатар Амазонс баг хасагдах шатанд шалгараад байна. Харин Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг болон Сүхбаатар багууд хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ.
Францын Парис багтай хийсэн анхны тоглолт туйлын өрсөлдөөнтэй болж, үндсэн цагт тэнцсэнээр нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагт Амазонс илүү тэвчээртэй тоглож, 13-11 харьцаагаар чухал хожил авсан.
Хэсгийн хоёр дахь тоглолтод Тайландын багтай ана мана үзэлцсэн. Тоглолтын төгсгөл хүртэл хэн хожих нь тодорхойгүй үргэлжилж, эцэст нь ердөө 1 онооны зөрүүгээр (19-20) Тайландад хожигдсон юм.
А хэсгийн гурван баг бүгд 1 хожил, 1 хожигдолтой тэнцсэн ч авсан нийлбэр онооны чанараар Тайланд 1-р байр, Амазонс 2-р байраар хасагдах шатанд шалгарлаа.
Тэмцээний хасагдах шатны шөвгийн 8-д Амазонс баг талбайн эзэн БНХАУ-ын үндэсний шигшээ багтай Улаанбаатарын цагаар 18:00 цагт тулна.
-
Улаанбаатар Амазонс багийн хувьд Хятадын шигшээг талбайд нь хожно гэдэг маш том даалгавар бөгөөд хожсон баг нь хагас финалд Mitsubishi Electric (Япон) болон France U25 багуудын хожсонтой нь тоглох оноолттой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.