Энэтхэгийн Skyroot Aerospace компани Vikram-1 пуужингаа сансарт хөөргөлөө
Энэтхэгийн хувийн хэвшлийн "Skyroot Aerospace" сансрын технологийн компани өөрсдийн зохион бүтээсэн "Vikram-1" тойрог замын ангиллын анхны пуужингаа "Mission Aagaman" туршилтын нислэгийн хүрээнд сансарт амжилттай хөөргөлөө.
Энэхүү хөөргөлтийг 2026 оны долоодугаар сарын 18-ны өдрийн орон нутгийн цагаар 12:05:30-д Андхра Прадеш муж дахь Сатиш Дхаван сансрын төвөөс амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ нь Энэтхэгийн хувийн хэвшлийн компани эх орныхоо нутаг дэвсгэрээс тойрог замын ангиллын пуужинг бие даан сансарт хөөргөсөн анхны тохиолдол болжээ.
Хайдарабад хотод байрлалтай "Skyroot Aerospace" компанийг 2018 онд Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO)-ын инженер асан Паван Кумар Чандана болон Нага Барат Дака нар үүсгэн байгуулжээ. Энэтхэгийн Засгийн газар 2020 онд сансрын салбарыг хувийн хэвшилд нээх шинэчлэлийг эхлүүлснээр тус улсад сансрын стартапууд эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдсэн байна.
"Vikram-1" пуужин нь ойролцоогоор долоон давхар барилгатай тэнцэхүйц буюу 22-24 метр өндөр, олон шатлалт бүтэцтэй юм. Нийт дөрвөн шатлалт хөдөлгүүртэй бөгөөд эхний гурван шат нь хатуу түлшээр ажилладаг бол дээд талын сүүлчийн шат нь шингэн түлшний тойрог замын тохируулгын модуль буюу "RAMAN-I" хөдөлгүүрээр тоноглогджээ. Тус пуужин нь дэлхийн нам тойрог замд 350 килограмм хүртэлх жинтэй хиймэл дагуул болон арилжааны ачааг тээвэрлэн 450 километрийн өндөрт хүргэх өндөр хүчин чадалтай аж.
Туршилтын нислэгийн явцад пуужин өөрийн үндсэн ачаануудыг дэлхийн нам тойрог замд төлөвлөгөөний дагуу амжилттай байршуулсан байна. Үүнд тус компанийн өөрийн "SCOPE" туршилтын төхөөрөмж болон "Grahaa" нэртэй дэлхий ажиглалтын нано-хиймэл дагуул зэрэг хэд хэдэн жижиг төхөөрөмж багтжээ.
Үүнээс гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн гараар бичсэн "Vande Mataram" гэсэн үгтэй ил захидал, шинжлэх ухааны түүхэн зүтгэлтнүүд болох Сэр К.В. Раман, Д-р Викрам Сарабхай, Д-р А.П.Ж. Абдул Калам нарыг хүндэтгэсэн бичил барималууд болон лабораторид ургуулсан "Cosmic Bloom" урлагийн бүтээлийг тээвэрлэсэн нь онцлох үйл явдал байв.
"Skyroot Aerospace" компани өмнө нь 2022 оны 11-р сард "Vikram-S" нэртэй дэд тойрог замын пуужинг амжилттай хөөргөж байсан бол энэ удаад тойрог замд хиймэл дагуул хүргэх бүрэн хэмжээний анхны томоохон оролдлогоо эхний даваагаараа амжилттай гүйцэтгэлээ. Уг түүхэн хөөргөлт амжилттай болсноор Энэтхэг улс хувийн компани нь бие даан тойрог замын пуужин хөөргөх чадвартай дэлхийн гурав дахь улс боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.