Завхан аймгийн нутгийн зөвлөл улсын цол хүртсэн бөхчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Завхан аймгийн нутгийн зөвлөл улсын цол хүртсэн бөхчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Үндэсний их баяр наадамд өндөр амжилт гаргаж, улсын цол хүртсэн Завхан аймгийн бөхчүүдэд өнөөдөр Улиастай хотын төв талбайд хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагааг Завхан аймгийн Нутгийн зөвлөл, "Завхан Даян" бөхийн дэвжээ, "Топ Нобль Тур" ХХК хамтран зохион байгуулсан байна. Монгол Улсын гарди Мөнхтөрийн Лхагвагэрэлд Lexus LX600 автомашин, гурван өрөө орон сууц, Монгол Улсын заан Б.Сундуйжав, Монгол Улсын начин Алтанхуягийн Нармандах нарт тус бүр Land Cruiser 300 автомашин болон нэг, хоёр өрөө орон сууц гардууллаа.

Харин Завхан аймгийн ИТХ, ЗДТГ-аас энэ сарын 24-26-нд болох Баруун бүсийн Даншиг наадмын үеэр улсын цол хүртсэн бөхчүүддээ аймгийн нэрийн өмнөөс албан ёсны хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж буйг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр энэ үеэр онцоллоо.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Завхан аймгийн бөхчүүд, сурын харваачид өндөр амжилт үзүүлэн нутгийн зон олноо баярлуулсан юм.

Ташрамд дуулгахад, үндэсний их баяр наадмаар, үндэсний сурын харвааны төрөлд Яруу сумын уугуул, Завхан аймгийн Үндэсний сурын харваачдын холбооны харваач Түдэвжамцын Эрболд 40 сумаас 38 сум онож, улсын наадамд дэд байр эзлэн "Улсын гарамгай харваач" цол хүртсэн амжилтаараа Завханчуудын бахархлыг улам өргөсөн юм.

Түүнчлэн Алдархаан сумын уугуул Энхжаргалын Золбадрах 40 сумаас 38 сум онож, улсын наадамд гуравдугаар байр эзлэн "Улсын гоц харваач" цол хүртэж, Завхан нутгийн харваачдын амжилтыг үргэлжлүүллээ.

Өсвөрийн үндэсний сурын харвааны төрөлд ч Завхан аймгийн тамирчид өндөр амжилт үзүүлж, эрэгтэй ангилалд тэргүүн болон гуравдугаар байр, эмэгтэй ангилалд тавдугаар байрт шалгарсан нь үндэсний сурын спортын залгамж халаа бэлтгэгдэж, ирээдүйн шилдэг харваачид өсөн төлөвшиж буйг харуулсан бахархам амжилт болсон талаар Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.