🔴Б Батбямба: Бөхийн барилдааны дээгүүр даваанд барилдсан бөхчүүдээс допинг илрээгүй

AI хөрвүүлсэн
🔴Б Батбямба: Бөхийн барилдааны дээгүүр даваанд барилдсан бөхчүүдээс допинг илрээгүй

Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний эхний хариу гарсан талаар Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба мэдээлэл өглөө. 

Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба:

-Энэ жилийн наадмаар шөвгөрсөн нийт 64 бөхөөс допингийн сорьц авч, долоодугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Спорт анализ, спорт биохимийн институтийн итгэмжлэгдсэн лаборатори руу хүргүүлсэн. Сорьцыг хүлээж авснаас хойш 48 цагийн дараа эхний хариу ирж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар шинжилгээнд хамрагдсан 64 бөхийн 63-ынх нь хариу албан ёсоор гарсан. 63 сорьцоос ямар нэгэн хориглосон бодис, хориглосон маркер, метаболит зэрэг допингийн төрлийн зүйл илрээгүй. 

Харин үлдсэн нэг сорьцын хариу хараахан эцэслэн гараагүй, хүлээгдэж байгаа. Тус сорьцын шинжилгээний хариуг ойрын хугацаанд албан ёсоор баталгаажуулж ирүүлнэ. Одоогоор ямар нэгэн хориглосон бодис илэрсэн тухай албан ёсны мэдээлэл ирээгүй.

Цахим орчинд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Долоо давсан бөхөөс допинг илэрсэн" гэх мэдээлэл гарч байгаа нь ямар ч үндэслэлгүй, албан бус мэдээлэл. Салбар хорооны зүгээс авсан мэдээллээр шуугиад байгаа бөхчүүдийн сорьцод ямар нэгэн зөрчил илрээгүй.

Мөн салбар хорооны хувьд аль нэг бөхийн сорьцын дугаар, шинжилгээний явцтай тухайлан танилцах эрх байдаггүй. Допингийн эсрэг журмын дагуу үр дүнгийн удирдлагын баг тухайн бөхтэйгөө шууд холбогдож, асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалттай. Ямартай ч үндэсний бөхийн барилдааны дээгүүр даваанд барилдсан бөхчүүдээс допинг илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.