🔴Үндэсний их баяр наадмын хурдан дааганы нэгдсэн дүнг танилцууллаа

AI хөрвүүлсэн
🔴Үндэсний их баяр наадмын хурдан дааганы нэгдсэн дүнг танилцууллаа

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дааганы насны ангилалд түрүүлж, айрагдсан морьдын нэгдсэн дүнг танилцууллаа. 

Энэ жилийн уралдаанд нийт 310 даага бүртгүүлснээс 199 даага гарааны зурхайгаас эргэж, шандас юугаа сорьсон байна. Уралдааны түрүү магнайд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, аймгийн алдарт уяач Намсрайн Ариунбилигийн сартай хээр даага хурдлан ирж, торгон жолоогоо өргүүллээ. Хурдан хээрийг аймгийн алдарт уяач Магсарын Лхагвасүрэн уяж сойсон бөгөөд 11 настай, эрэгтэй Энхтүшигийн Мөнхсайхан 11 дугаартай унаж түрүүлгэсэн байна.

Аман хүзүүнд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Цэдэнсодномын Энхболдын сартай хүрэн даага хурдаллаа. Тус даагыг Монгол Улсын манлай уяач Нямбаатар уяж сойсон бөгөөд найман настай, эрэгтэй Ганхуягийн Сугар 888 дугаартай унаж хурдлуулжээ.

Айргийн гуравт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Лхагвасүрэнгийн зээрд даага хурдаллаа. Хурдан зээрдийг Ихбаярын Бямбадамба уяж сойсон бөгөөд 10 настай, эрэгтэй Наранбаатарын Боорчи 41 дугаартай унаж хурдлуулсан байна.

Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Банзрагчийн Жамбалбавуугийн сартай хээр даага хурдаллаа. Тус даагыг аймгийн алдарт уяач Мөнхбатын Цэдэндамба уяж сойсон бөгөөд 10 настай, эрэгтэй н.Бат-Эрөөлт 47 дугаартай унаж хурдлуулсан байна.

Харин Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Т.Ганжаргалын хул даага баян ходоодонд ирлээ. Хул даагыг есөн настай Б.Итгэл унаж уралдууллаа. Б.Итгэлийн хувьд дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байгаа аймаг бүсийн уралдаанд олон айраг хүртсэн туршлагатай юм. Хурдан морины салбар хорооноос дараагийн наадамдаа олон айраг, түрүү авахыг ерөөлөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.