“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдэл “Нарны хүлэг” хөшөөг аравнайлжээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг баталсан.
“Дэлхийн адууны өдөр”-ийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүй долоон худагт “Нарны хүлэг” хөшөө дурсгалын цогцолборыг бүтээн байгуулж, аравнайллаа. Бүтээн байгуулалтыг Монголын морин спорт, уяачдын холбоо ивээн тэтгэн хэрэгжүүлсэн. Хөшөө дурсгалыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урлажээ. “Нарны хүлэг” хөшөө нь Монгол Улсыг дэлхийн адууны өв соёлын төв нутаг болохыг илэрхийлсэн бүтээл бөгөөд цаашид “Дэлхийн адууны өдөр”-ийн албан ёсны бэлгэдэл болж, олон улсын зочид төлөөлөгчид, дотоод, гадаадын жуулчдын зорин ирдэг дурсгалт газрын нэг болох юм.
Жил бүрийн долоодугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Энэ тогтоол нь монголчуудын морьтон өв соёл, адууны уламжлалыг олон улсын түвшинд үнэлэн хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Энэ хүрээнд манай улсад анх удаа олон улсын статустай ёслолыг зохион байгуулах бөгөөд нүүдэлчдийн ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг дэлхийд сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Өдөрлөгийн хүрээнд “Түмэн морьтны их жагсаал”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан болон морьтны өв соёлын томоохон үйл ажиллагааг зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.