“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Нийслэлийн төрийн өмчит 158 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагатай байна. Эдгээр сургуулийн 72 хувь нь хоол үйлдвэрлэлээ дотооддоо зохион байгуулдаг бол 28 хувьд нь түрээсийн аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлдэг аж.
Уулзалтын үеэр 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд чанартай, аюулгүй, найдвартай мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүнээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг шим тэжээлийн зохистой харьцааг хангаж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах асуудлыг хөндөн ярилцлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардал 2500 төгрөг байдаг. Хүүхэд өдөрт 60-80 грамм мах хэрэглэх шаардлагатай ч үүний зэрэгцээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэрэг бусад шим тэжээлийн хэрэглээг хангах шаардлага бий. Иймээс үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, хүүхдийн үдийн хоолонд эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шийдэл гаргана” гэдгийг онцолсон юм.
Харин мах боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд боловсруулах үйлдвэрүүд бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой, нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.