🔴12.2 кг алт хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Гаалийн ерөнхий газар 2026 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээ танилцуулж, илрүүлсэн зөрчил, албан хаагчдын сахилга хариуцлага болон Үндэсний их баяр наадмын өдрүүдийн ажиллах зохицуулалтын талаар мэдээллээ.
Эхний зургаан сарын байдлаар гаалийн байгууллага 2047 зөрчил илрүүлэн шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17.1 хувиар өссөн үзүүлэлт байна. Нийт зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийх, барааны үнийг бууруулж мэдүүлэх зэрэг зөрчил эзэлсэн бол 23.5 хувь нь хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл байжээ. Илрүүлсэн зөрчлөөс 52 нь эрүүгийн шинжтэй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.


Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 12 зөрчил, 1.6 кг алтыг хууль бусаар хил давуулах оролдлогыг илрүүлжээ. Түүнчлэн БНТУ-аас ирсэн зорчигч 12.2 кг алтан эдлэл нууж оруулж ирэхийг завдсаныг рентген хяналтаар илрүүлсэн байна.
Сүүлийн үед тусгай зөвшөөрөл шаарддаг эм, тариаг хууль бусаар оруулах зөрчил нэмэгдэж байгааг анхааруулж, иргэдийг цахим орчин болон гар дээрээс эмчийн жоргүй эм, тариа худалдан авахгүй байхыг зөвлөлөө.


Албан хаагчдын сахилга хариуцлагын хүрээнд хууль, дүрэм зөрчсөн 91 албан хаагчид сахилгын, зургаан албан хаагчид ёс зүйн хариуцлага тооцжээ. Үүнээс 26 албан хаагчийн улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж, гурван албан хаагчийг ажлаас чөлөөлсөн байна.
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гаалийн байгууллага тасралтгүй ажиллах бөгөөд төмөр зам, агаарын замын боомтууд болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Хатанбулаг, Эрээнцав зэрэг боомтууд 24 цагаар үйл ажиллагаа явуулах юм. Түргэн муудах хүнс, шатахууны бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ оны эхнээс 510 мянган тонн бензин, 972 мянган тонн дизель түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс бензин 24 хувь, дизель түлш 13 хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдээллээ. Гаалийн байгууллагын мэдээлснээр шатахууны нөөц, хангамж хэвийн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.