Белгород хот пуужингийн цохилтод өртөж цахилгаангүй боллоо
ОХУ-ын Белгород хот болон тус мужийн нутаг дэвсгэр долоодугаар сарын 6-7-нд шилжих шөнө Украины зэвсэгт хүчний пуужингийн удаа дараалсан хүчтэй цохилтод өртжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах систем ихэнх пуужинг устгасан боловч иргэний дэд бүтцийн хэд хэдэн объект хохирол амсаж, гурван хүн шархадсан байна. Уг халдлагын улмаас бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний томоохон саатал гарч, усан хангамж тасалдаад байгаа аж.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, пуужингийн цохилтын улмаас амь үрэгдсэн хүн байхгүй байна.
Гэвч Белгород дүүргийн Беловское тосгонд гурван иргэн шархадсан бөгөөд тэдэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа аж. Мөн Пушкарное тосгонд пуужингийн хэлтэрхий унасны улмаас туслах барилга шатсаныг Онцгой байдлын албаныхан шуурхай унтраажээ.
Энэ удаагийн довтолгооны хамгийн хүнд хохирол нь иргэний эрчим хүчний дэд бүтцэд учирчээ. Пуужингийн цохилтын улмаас "Западная" дэд станц болон орон нутгийн дулааны цахилгаан станцад томоохон хэмжээний гал гарсан байна. Үүний улмаас Белгород хотын хэд хэдэн дүүрэг болон зэргэлдээх суурин газруудад цахилгаан эрчим хүч тасарчээ. Цахилгаан тасалдсанаас үүдэн усан сувгийн шахуургууд зогсож, хотын хэмжээнд усан хангамж мөн хязгаарлагдахад хүрсэн байна.
Эх сурвалж:
• 360.ru
• bel.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.