Microsoft компани 4800 ажилтнаа цомхотгоно
АНУ-ын технологийн аварга Microsoft компани 2026 оны долоодугаар сарын 6-ны өдөр бүтцийн томоохон өөрчлөлт хийх шийдвэрээ зарлаж, нийт ажиллах хүчнийхээ 2.1 хувь буюу ойролцоогоор 4800 ажилтныг цомхотгохоор болжээ.
Энэхүү зардлаа танах шийдвэр нь тус компанийн арилжааны борлуулалт, зөвлөх үйлчилгээний салбар болон Xbox тоглоомын хэлтсийг голчлон хамарч байна. Ялангуяа Xbox салбарын хувьд түүхэндээ байгаагүй гүнзгий шинэчлэлтийг хийж, хэд хэдэн тоглоом хөгжүүлэгч студиудийг бие даасан хэлбэрт шилжүүлэх, эсвэл худалдахаар төлөвлөжээ.
Xbox салбарын гүйцэтгэх захирал Аша Шарма энэхүү алхмыг томоохон шинэчлэлт бөгөөд тус хэлтсийн түүхэн дэх хамгийн том бүтцийн өөрчлөлт гэж тодорхойлсон байна.
Төлөвлөгөөний дагуу Xbox салбар 2027 оны санхүүгийн жил дуустал 3200 орчим ажлын байрыг цомхотгох бөгөөд үүнээс 1600 ажилтныг шууд чөлөөлжээ. Цомхотголд Activision, Bethesda/ZeniMax, Blizzard, King, Mojang болон Xbox Game Studios зэрэг олон салбар өртөж байна. Шарма дотоод тэмдэглэлдээ Xbox-ийн ашигт ажиллагаа ижил төстэй платформ хөгжүүлэгчдээс 3-10 дахин бага байгааг дурдаад, тоглоомын студиудад оруулсан хөрөнгө оруулалтын доллар тутамд 64 центийн алдагдал хүлээж байсныг илчилжээ.

Алдагдлыг бууруулж, өмнөх их хэмжээний зардлыг нөхөхийн тулд Microsoft дөрвөн гол тоглоомын студийг өөр компанид шилжүүлэх, эсвэл тусгаарлахаар шийдвэрлэв.
Тухайлбал, Psychonauts тоглоомыг бүтээгч Double Fine Productions болон удахгүй гарах South of Midnight тоглоомын Compulsion Games студиуд дахин бие даасан статус олж авна. Харин Senua цувралыг хөгжүүлэгч Ninja Theory болон State of Decay 3 тоглоомыг бүтээгч Undead Labs студиудийг шинэ удирдлагад худалдахаар болсон ч тэдний төслүүдийг шинэ эзэмшигчид нь үргэлжлүүлэн санхүүжүүлэх аж. Үүнээс гадна ZeniMax компани үйл ажиллагаагаа Fallout, The Elder Scrolls, Doom зэрэг өөрийн хамгийн том брэндүүд рүү чиглүүлэхээр болжээ.
Бүтцийн өөрчлөлт нь зөвхөн тоглоомын салбараар хязгаарлагдахгүй бөгөөд Microsoft-ын арилжааны бизнесийн хэлтэст мөн нөлөөлж байна. Энэхүү цомхотгол нь хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглэгчийн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий Microsoft Frontier Company нэгжийг байгуулсантай холбоотой юм. Тус компанийн Хүний нөөц хариуцсан захирал Эми Коулман ажилтнуудад илгээсэн цахим захидалдаа цомхотголд орсон ажлын байруудыг хиймэл оюун ухаанаар шууд орлуулахгүй гэдгийг онцолсон байна. Гэсэн хэдий ч автоматжуулалт нь өдөр тутмын ажлыг гүйцэтгэх арга барил болон компанийн бүтцийг өөрчилж байгааг тэрээр хүлээн зөвшөөрчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.