"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ
Монголын Үндэсний музей үндэсний их баяр наадам болон "Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэнг үзэгч олондоо толилуулана.
Монголын үндэсний их баяр наадам нь монголчуудын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт өв, ард түмний эв нэгдэл, үндэсний бахархлын бэлгэдэл билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр батламжилсан нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байгаа юм.
Тус үзэсгэлэнгээр дамжуулан эрийн гурван наадмын өв уламжлал, монгол адуу, адууны соёлын өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулан сурталчилна. Монголчууд эртнээс адууг эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний оршихуйн бэлгэдэл хэмээн дээдлэн ирсэн ард түмэн билээ.
Үзэсгэлэнд монгол нутагт хүмүүс эрт үеэс адууг гаршуулан ахуй амьдралдаа хэрэглэж ирсний гэрч болох хүрлийн үеийн амгай, зуузай, Түрэгийн үе болон Монголын эзэнт гүрний үеийн эмээл, хазаарын үлдэгдэл зэрэг археологийн ховор олдворуудыг дэлгэн үзүүлнэ.
Түүнчлэн мөнгөн эмээл, хазаар, дөрөө, ташуур, бугуйл, тушаа зэрэг уналгын тоног хэрэгсэл, морь шүтлэгтэй холбоотой ховор нандин дурсгалуудыг багтаасан 250 орчим “Архивын Ерөнхий газар”-ын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримт, гэрэл зураг, дүрс бичлэг болон “Талын язгууртан сан”-д хадгалагдаж буй адууны сан судраас дээжлэн дэлгэн толилуулах юм. Үзэсгэлэн 2026 оны долоодугаар сарын 8-наас наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.