🔴Долоодугаар сарын 10-нд бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг зохион байгуулна
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо хуралдаж, барилдааны хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Энэхүү зохицуулалтыг Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос баталсан нэгдсэн хөтөлбөр болон бусад салбар хороодын саналд үндэслэн хийсэн байна.
Шинэчилсэн хуваариар, 2026 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 11:00-17:00 цагийн хооронд зөвхөн үндэсний бөхийн нэгийн давааг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин хоёр болон гурвын давааны барилдааныг долоодугаар сарын 11-ний өдөр үргэлжлүүлж, дөрвөөс дээших даваануудыг долоодугаар сарын 12-ны өдөр барилдуулахаар үндсэн шийдвэрээ гаргасан байна. Тус салбар хорооноос уг хуваарийг Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлэхээр тогтжээ.
Мөн баяр наадам нь зөвхөн бөхийн барилдаанаар хязгаарлагдахгүй, олон талт хөтөлбөрөөс бүрддэг тул цагийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага гарсан байна. Өнөөдрийн байдлаар шагайн харваа, хүүхдийн сурын харваа эхэлж, наадмын уур амьсгал орсон бөгөөд маргаашаас насанд хүрэгчдийн сурын харваа, долоодугаар сарын 10-ны өдрөөс хурдан морины уралдаан хөтөлбөрийн дагуу эхлэх аж.
Долоодугаар сарын 10-ны өдөр нь Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиодог онцлогтой. Баяр наадмын тухай хуулийн дагуу Есөн хөлт цагаан тугийг долоодугаар сарын 11-ний өдөр залах хэдий ч 10-ны өдөр Төрийн далбаа болон Нийслэл Улаанбаатар хотын тугийг хүндэтгэлтэйгээр залах юм байна. Үндсэн хуулийн 13 дугаар заалт болон Баяр наадмын тухай хуульд зааснаар нийслэлийн баяр наадам улсын наадамтай хамт зохион байгуулагддаг тул ийнхүү туг залах ёслол болно.
Бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс уг асуудлыг урьдчилан хэлэлцсэн бөгөөд бөхчүүдийн зүгээс хуваарийн өөрчлөлтийг эсэргүүцсэн, хууль зөрчсөн гэх яриа гаргахгүй, ойлголцолд хүрсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн Есөн хөлт цагаан тугийг тойрохгүй бол бөхийн хийморь сүлд доройтно гэх мэт туйлширсан яриа гаргахгүй байхыг уриаллаа. Есөн хөлт цагаан тугийг 1990 оноос хойш залж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө 70 гаруй жилийн турш бөхчүүд Төрийн далбаагаа тойрч ирсэн түүхтэй тул үүнийг ноцтой асуудал болгон туйлшрах шаардлагагүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.