🔴Баяр наадмын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэхгүй, хангамж тасалдахгүй

AI хөрвүүлсэн
🔴Баяр наадмын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэхгүй, хангамж тасалдахгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Үндэсний их баяр наадам болон урт хугацааны амралтын өдрүүд эхэлж буйтай холбогдуулан шатахууны хангамж, нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Олон нийтийн дунд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдэж магадгүй гэсэн ташаа ойлголт үүссэнтэй холбогдуулан тус яамнаас албан ёсны залруулга, мэдээллийг өгөв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 71,552 тонн буюу 33 хоногийн, АИ-95 бензиний 3,965 тонн буюу 44 хоногийн, дизель түлшний 106,683 тонн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Иймд дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, хэрэглээ өсөж байгаа хэдий ч шатахууны хомсдол үүсэх ямар нэгэн үндэслэл байхгүйг албаныхан мэдэгдлээ.

Мөн наадмын өмнө болон баяр наадмын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэхгүй бөгөөд хангамж тасалдахгүй гэдгийг онцоллоо. ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу АИ-92 бензинийг тонн тутамд нь 705 ам.доллароор тогтмол нийлүүлж байгаа бөгөөд үнэ нь 30-аас дээш хувиар хэлбэлзсэн тохиолдолд эргэж харах нөхцөлтэй ажиллаж байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд хилийн үнэ тодорхой хэмжээгээр өссөн ч наадмын дараа буюу долоодугаар сарын 20-ны өдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, үнийн зохицуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дизель түлшний хувьд хилийн үнэ буурч орж ирж байгаа тул дотоодын зах зээлд үнийг бууруулах боломж бүрдсэн байна. Өмнө нь тонн тутам нь 1385 ам.долларт хүрч байсан дизель түлшний үнэ өнөөдрийн байдлаар 1040 ам.доллар болж буурсан тул үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн буулгах асуудлыг аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, Үнийн зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэх аж.

ОХУ-д үүссэн дотоодын нөхцөл байдал болон экспортын хязгаарлалт нь Монгол Улсад үйлчлэхгүй бөгөөд урт хугацааны гэрээний дагуу нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Үүнээс гадна манай улс шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-ын "Петрочайна" компаниас бүтээгдэхүүн авах гэрээ хэлэлцээрийг хийж, тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны шийдвэрийг хүлээж байна. Мөн БНСУ-аас дизель түлш татан авах гэрээг аж ахуйн нэгжүүд хийж, эхний ачилт хийгдэхэд бэлэн болжээ.

Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын хэрэглээ харьцангуй буурч, орон нутгийг чиглэсэн аялагчдын урсгал нэмэгддэг тул хөдөө орон нутгийн шатахуун түгээх станцуудын хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлийг импортлогч компаниудад өгсөн байна. Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн уулзалтаар тээвэр ложистикийн ямар нэгэн хүндрэл байхгүй, түгээлт найдвартай хийгдэж байгааг баталгаажуулжээ.

Засгийн газраас шатахууны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор савны багтаамжийг тэлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ онд төсөл хэрэгжүүлэгч компаниуд нийт 291 мянган м3 багтаамжтай савны ажлыг эхлүүлснээс 150 мянган м3 багтаамжтай агуулахыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна. Ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн зарим агуулах, савны нээлтийг хийснээр манай улсын шатахуун хадгалах багтаамж мэдэгдэхүйц нэмэгдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.