НҮБ-ын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн ээлжит тайланг Монгол Улс илгээнэ
Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 01-ний хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тайланг хэлэлцэн дэмжээд, тайланг Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор хэлэлцүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгалаа.
Монгол Улс Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод 1981 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцын 18 дугаар зүйлийн( b)-д заасны дагуу хэрэгжилтийн явцын тайланг Гишүүн орон бүр дөрвөн жил тутамд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх үүргийг хүлээдэг.
Монгол Улсын ээлжит 11 дүгээр тайланг 2026 оны долоодугаар сард Конвенцын хороонд хүргүүлэх хуваарьтай бөгөөд энэ дагуу зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, тайлан боловсруулах чиг үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/188 тушаалаар байгуулжээ.
Ажлын хэсэг конвенцын 1, 2-т заасны дагуу хүлээсэн үүрэг, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын Засгийн газрын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 10 дугаар тайланд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар нотолгоонд тулгуурлан тайланг бэлтгэсэн байна.
Монгол Улсын ээлжит 11 дүгээр тайланд Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхалтыг хориглох эрх зүйн орчин улам бүр бэхжиж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон төлөөллийн олон талт байдал нэмэгдсэн болохыг сайшаан тусгасан байна.
Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хороо байгуулагдаж, гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийг байгуулсан зэрэг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.