“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” чуулга уулзалт эхэллээ
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.

Тус чуулган нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын түвшний хэлэлцүүлгийн талбар юм. Өмнөх жилүүдэд Жендэрийн тэгш байдал, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийн асуудлыг хэлэлцсэн бол энэ удаа Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт болох “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.
Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхий даяар төлөвлөсөн түвшнээс хоцорч байгааг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг олон сорилтыг улс орнууд хамтын ажиллагаагаар л даван туулах боломжтойг тэмдэглэлээ. Мөн Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж буйг мэдээлэв.

Нээлтийн үеэр НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Сайхан ирээдүйн төлөө” сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг онцолж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийг уриаллаа.

Мөн чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг засаглал, хариуцлага, ардчиллыг бэхжүүлэхэд үр ашигтай ашиглах боломжийн талаар байр сууриа илэрхийлж, “Хүн бүр AI-г эзэмшье” гэсэн уриалга дэвшүүлэв. Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг болох Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал, профессор Киёотэрү Цуцуи тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны механизм чухал үүрэгтэйг онцолж, оролцогчдод амжилт хүслээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.