🔴Маргаашнаас эрчим хүчний салбарт хугацаагүй ажил хаялт эхэлнэ
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭХГУУҮЭХ)-ноос эрчим хүчний салбарын хэмжээнд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өглөөний 08:00 цагаас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Үйлдвэрчний эвлэлийнхэн салбарын хамтын хэлэлцээр амжилтгүй болсон тул энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд ажил хаялт нь улс төрийн зорилгогүй, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой шаардлагуудыг хэрэгжүүлэхэд чиглэж буйг онцолж байна.
Тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх, орон нутгийн нэмэгдэл олгох зэрэг нийт 12 шаардлага тавьж байгаа бөгөөд цалинг дор хаяж 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Харин салбарын яамнаас 10 хувийн нэмэгдэл санал болгосныг хангалтгүй гэж үзжээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Тамирын мэдээлснээр, хэрэв талууд зөвшилцөлд хүрэхгүй бол долоодугаар сарын 1-нээс диспетчер болон ээлжийн ажилтнууд ажил хаялтад нэгдэх бөгөөд энэ нь улс орон даяар цахилгаан, дулааны хязгаарлалт үүсгэх эрсдэлтэй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.