Өвлийн эрчим хүчний эрсдэлийг бууруулах гарцыг инженерүүд танилцууллаа

Өвлийн эрчим хүчний эрсдэлийг бууруулах гарцыг инженерүүд танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудал болон цаашдын бодлогын шийдлийн талаар санал солилцлоо.

ab5d3a1fd8824cbf8b8f307130d0aae3

Уулзалтын үеэр инженер, мэргэжилтнүүд Монголын эрчим хүчний систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг онцлоод, хэрэглээ тасралтгүй өсөж байгаа ч эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал хэвээр байгааг анхааруулав. Үүнээс шалтгаалан ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт үүсэх эрсдэлтэй байгааг тэд онцолсон байна.

e54910a94fff41c7897b56e7b9049df2

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эрчим хүчний хуримтлуурын системийг нэвтрүүлэх нь ойрын хугацаанд хэрэгжүүлж болох үр дүнтэй шийдэл аж. Тухайлбал, эрсдэл өндөртэй бүсүүд болон дэд станцуудын орчимд баттерей хуримтлуур байршуулснаар оргил ачааллын үеийн хэрэглээг зохицуулах боломжтой гэж үзжээ. Мөн эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлын чанарыг сайжруулах, худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг хэлэлцсэн байна.

d08ebb2dc62440449ff4d1b053cabb24

Инженерүүд олон улсын болон Европын стандартыг тууштай мөрдөх нь системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, урт хугацаанд зардлыг бууруулах ач холбогдолтойг онцолжээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэгдсэн системийн хүрээнд хөгжүүлэх, усан цахилгаан станц болон усан цэнэгт хуримтлуурын төслүүдийг дэмжих нь тогтвортой хөгжлийн чухал шийдэл болохыг оролцогчид тэмдэглэв. Уулзалтын үеэр эрчим хүчний салбарын хүний нөөцийн асуудал мөн хөндөгдсөн бөгөөд цахилгаан, дулааны чиглэлийн инженер, мэргэжилтний хомсдол нэмэгдэж байгааг анхааруулсан байна.

Иймээс эрчим хүчний чиглэлийн мэргэжлийг төрөөс бодлогоор дэмжиж, хүний нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. УИХ-ын дарга С.Бямбацогт инженер, мэргэжилтнүүдийн гаргасан санал, зөвлөмжийг цаашдын бодлого боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.