Венесуэлд хүчтэй дараалсан газар хөдлөлт болж улс даяар онц байдал зарлажээ
Венесуэл улсад 2026 оны зургаадугаар сарын 24-ний оройн 18:04 цагт 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр дараалсан газар хөдлөлт болж, тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригез улс даяар онц байдал зарлалаа. Барилга байгууламж нурж, дэд бүтэц ноцтой сүйдсэний улмаас эрх баригчид иргэдийг аюулгүй газарт нүүн шилжихийг уриалж, аврах ажиллагааг шуурхай эхлүүлээд байна. АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) байгалийн гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 10,000-аас 100,000-д хүрч болзошгүйг анхааруулжээ.
Байгалийн гамшиг ердөө 39-өөс 45 секундийн зайтай хоёр удаа хүчтэй хөдлөх хэлбэрээр тохиосон байна. Эхний ээлжинд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бол түүний араас шууд 7.5 магнитудын хүчтэй чичиргээ дагажээ. Газар хөдлөлтийн голомт нь Яракуй болон Карабобо мужийн нутаг дэвсгэрт, газрын гадаргаас ердөө 10-аас 22 километрийн гүнд байсан нь хохирлын хэмжээг үлэмж нэмэгдүүлсэн байна. Уг хүчтэй чичиргээ Венесуэлийн төв болон хойд хэсэгт төдийгүй хөрш зэргэлдээ Колумб, Бразил улсуудад мэдрэгдсэн бөгөөд гол чичиргээний дараа 20 гаруй удаагийн давтан чичирхийлэл бүртгэгджээ.
Гамшгийн улмаас Венесуэлийн гол агаарын хаалга болох Майкетиа дахь Симон Боливарын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал ноцтой эвдрэл авч, үйл ажиллагаагаа бүрэн зогсоов. Нийслэл Каракас хотын метро болон хот орчмын галт тэрэгний сүлжээг мөн хаасан байна. Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургууль болон чухал шаардлагатай бус бусад үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Түүнчлэн Каракас болон ойр орчмын мужуудад цахилгаан тасарч, хоёрдогч гал түймэр гарахаас сэргийлж орон сууцны хорооллуудын ахуйн хийн хангамжийг хаагаад байна.
Гамшиг тохиосон өдөр Венесуэлийн бүх нийтийн амралтын өдөр байсан тул иргэдин дийлэнх нь гэртээ байсан нь хохирлын хэмжээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болжээ. Каракас, Миранда, Ла Гуайра, Арагуа, Карабобо, Фалкон мужуудад асар их сүйтгэл учирсан байна. Нийслэл хотын Алтамира дүүрэгт олон давхар орон сууцны барилгууд, түүний дотор 22 давхар өндөр барилга бүрэн болон хэсэгчлэн нурж, олон тооны оршин суугчид нурангин доор түгжигджээ. Одоогоор гал сөнөөгчид, иргэний хамгаалалтын бригадууд болон "Хүүхдийг ивээх сан", Улаан загалмай зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд эрэн хайх, аврах ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Улс орны түүхэнд тохиосон хамгийн хүнд сорилтуудын нэг болж буй уг гамшгийн дараах сэргээн босголт, тусламжийн ажиллагаа урт хугацаа шаардах нь тодорхой байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригез ард иргэддээ хандан тайван байж, эв нэгдэлтэйгээр хүний амь насыг аврахад анхаарахыг уриаллаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тусламж дэмжлэг үзүүлэх бэлтгэлээ хангаж эхэлсэн бөгөөд ойрын өдрүүдэд хохирлын нарийн тоо баримт болон аврах ажиллагааны үр дүн илүү тодорхой болох хүлээлттэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.