Тэтгэврийн нэмэгдэл бодитой, шударга, иргэдийн амьдралд өгөөжтэй байх нь чухал
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг тус сумын хөгжилд олон жил үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Ж.Цэдэнсодном, Ж.Мөнхжаргал нарын гэр бүлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Ж.Цэдэнсодном гуай малын бага, их эмч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй ахмад боловсон хүчин юм. Тэрбээр Баянцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малын бага эмчээр ажлын гараагаа эхлүүлж, улмаар Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 15 жил ажиллан, төр, нийгмийн салбарт 40 шахам жил зүтгэсэн байна. Гавьяаныхаа амралтад гарсан ч зүгээр суусангүй. 2016 оноос сумынхаа Ахмадын хорооны даргаар сонгогдон ажиллаж, ахмад настнуудын оролцоо, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх үйлсэд өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж байна.

Түүний гэргий Ж.Мөнхжаргал гуай нь Шинэжинст сумын уугуул, орон нутагтаа хувийн хэвшлийг анхлан хөгжүүлсэн хөдөлмөрч эмэгтэй юм. Тэрбээр 1991-1992 онд сумын Ахуйн үйлчилгээний төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаад, 1993 онд гэр бүлийн хамт “Ар тээл” хувийн аж ахуйг байгуулж, худалдаа, үйлчилгээ, түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Алслагдсан сумын иргэдэд худалдаа, ахуйн үйлчилгээ үзүүлж, орон нутгийн төсөв бүрдэлтэд бодит хувь нэмэр оруулсан тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, аймгийн найдвартай татвар төлөгч, сумын “Шилдэг ажил хэрэгч иргэн”, “Шилдэг бизнесмен”, аймгийн “Шилдэг бизнесмен гэр бүл”-ээр удаа дараа шалгаруулж байжээ.
Өдгөө Ж.Мөнхжаргал гуай “Зах Гурван Бамбуу” ХХК-ийн захирлаар ажиллаж, мал эмнэлгийн үйлчилгээг орон нутагтаа тогтвортой үзүүлэн, малчид иргэдийнхээ амьдрал ахуйд ойр ажиллаж байна. Тэдний гэр бүлийн хичээл зүтгэл нь Шинэжинст суманд хувийн хэвшил, ахуйн үйлчилгээ, мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан сайн жишээ болж байна.
Уулзалтын үеэр Ж.Цэдэнсодном, Ц.Мөнхжаргал нар хөдөө, орон нутагт залуу боловсон хүчнийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хүний нөөцөөр хангах, ялангуяа малын эмчийн хүрэлцээг сайжруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн ахмад настнуудын тэтгэврийн нэмэгдэл бодитой, шударга, иргэдийн амьдралд өгөөжтэй байх нь чухал гэдгийг онцлон хэлж байв.

Ажлын хэсгийн зүгээс төр, нийгэм, хувийн хэвшил, мал эмнэлгийн үйлчилгээ, ахмадын байгууллага, эмэгтэйчүүдийн оролцоонд олон жил үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Ж.Цэдэнсодном, Ц.Мөнхжаргал нарын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.