Ц.Идэрбат: Шүлхийн вакцинжуулалт өнөөдөр Ховд аймагт эхэлсэн

AI хөрвүүлсэн
Ц.Идэрбат: Шүлхийн вакцинжуулалт өнөөдөр  Ховд аймагт эхэлсэн

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат малын өвчлөл, вакцинжуулалт болон нөөцийн махны хангамж зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: 

-Засгийн газрын хуралдаанаас нөөцийн махыг ирэх долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл худалдаалах чиглэл өгсөн. Одоогоор 100-200 орчим тонн махыг нэгдсэн цэгүүдээр гадуур задгай, гулуузаар борлуулж байна. Нөөцийн маханд зориулж төсвөөс шийдвэрлэсэн 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хараахан олгоогүй байгаа. ААН-үүдийн борлуулалтыг "И-баримт"-аар тулгаж, баримтыг үндэслэн нийслэл рүү шилжүүлж, тэндээс ААН-үүдэд хуваарилна. 

УИХ-ын гишүүн Г.Амгаланбаатар "шүлхий өвчнийг албаар тараасан" гэх утгатай мэдээлэл тараасан. Төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүн ийм болчимгүй, баримтгүй мэдэгдэл хийсэнд гайхаж байна. Шүлхий өвчнийг дэгдээхгүйн төлөө мал эмнэлгийн салбар, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж байгаа мянга гаруй төрийн албан хаагчид 24 цагаар зүтгэж байна. 

Боомын өвчлөлийн тухайд, нэг айлын хотонд мал шалтгаангүйгээр хорогдож, сэг зэмийг нь холдуулах явцад гэр бүлийн нэг гишүүн халдвар авсан. Одоогоор мэргэжлийн байгууллагууд устгал, ариутгалыг хийж, халдвар авсан иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа, амь насанд нь аюулгүй. Иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй, харин мал, малын гаралтай түүхий эдийн хөдөлгөөнд хяналт тавьж, ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа. 

Шүлхийн вакцинжуулалтын ажил Ховд аймагт өнөөдрөөс, Баян-Өлгий аймагт маргаашнаас эхэлнэ. Долоодугаар сарын 10-ны орчимд ОХУ-аас дахин нэг сая тун вакцин ирэх бөгөөд үүгээр Завхан аймаг хүртэлх бүсэд хамгаалалтын зурвас тогтооно. Мөн БНХАУ-аас 1.6 сая тун вакциныг нэг бүрийг нь 2.4 юаниар худалдан авч байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.