Оросын түүхий газрын тосны далайн экспорт дээд хэмжээнд хүрчээ
Оросын Холбооны Улсын далайгаар тээвэрлэж буй түүхий газрын тосны экспорт 2026 оны зургадугаар сарын байдлаар түүхэн дэх хамгийн өндөр хэмжээнд хүрч өсчээ.
Тус улсын дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртсөний улмаас боловсруулаагүй түүхий эдийг гадаад зах зээл рүү чиглүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын зүгээс хориг арга хэмжээгээ түр сулруулсан болон Азийн орнуудын эрэлт өндөр байгаа нь ийнхүү экспортын хэмжээ дээд цэгтээ хүрэхэд голлон нөлөөлсөн байна.
Тодруулбал, 2026 оны зургадугаар сарын 15-наас 21-ний хооронд Оросын 38 танкер нийт 28.79 сая баррель газрын тос тээвэрлэжээ. Энэ нь хоногт дунджаар 4.11 сая баррель тос экспортолсон гэсэн үг юм.
Зургадугаар сарын 21-нийг хүртэлх дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ хоногт 3.89 сая баррельд хүрсэн бол оны эхнээс хойших дундаж экспорт 3.52 сая баррель болжээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард "цэргийн ажиллагаа" эхэлснээс хойших аль ч жилийн дунджаас давсан үзүүлэлт болж байгаа аж. Одоогийн байдлаар далайд тээвэрлэгдэж буй Оросын газрын тосны хэмжээ 120 сая баррелиас давж тогтворжсон бөгөөд эдгээр нь худалдан авагчид руу шууд чиглэн явж байгаа аж.
Экспорт ийнхүү огцом өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна.
Нэгдүгээрт, Оросын Татарстан болон Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагад өртөж, үйл ажиллагаа нь түр зогссон тул илүүдэл түүхий тосыг шууд экспортлохоос өөр аргагүй болжээ. Хоёрдугаарт, Ормузын хоолой хаагдсантай холбогдуулан АНУ-ын Сангийн яамнаас Оросын далайн тээврийн газрын тосонд тавьсан хоригоо зургадугаар сарын 17-ны өдөр хүртэл түр цуцалсан нь нөлөөлсөн байна. Гуравдугаарт, Азийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байгаа бөгөөд БНХАУ оны эхний таван сард 26.58 тэрбум ам.доллароор 49 сая тонн тос худалдан авсан бол Энэтхэг улс тавдугаар сард худалдан авалтаа хоёрдугаар сартай харьцуулахад 63 хувиар нэмэгдүүлсэн байна.
Хэдийгээр экспортын биет хэмжээ дээд цэгтээ хүрсэн ч Оросын олох орлого буурсан үзүүлэлттэй байна.
Зургадугаар сарын эхнээс дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 16 хувиар унаж, Оросын гол брэнд болох "Urals" маркийн тосны үнэ Балтын тэнгист 78.11 ам.доллар, Номхон далайн "ESPO" маркийн тос 87.30 ам.доллар болж 20 хувиар буурчээ. Үүний улмаас Оросын долоо хоногийн экспортын орлого 2.02 тэрбум ам.доллароос 1.72 тэрбум ам.доллар болж буурсан байна. Үнийн ийм уналт болон зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн нь АНУ болон Иран улсууд түр зуурын энхийн хэлэлцээр байгуулсантай холбоотой юм. Ингэснээр Ормузын хоолой нээгдэж, Ираны тосны экспортын хоригийг наймдугаар сарын 21 хүртэл зогсоосноор зах зээлд Ираны хямд тос их хэмжээгээр нийлүүлэгдэж эхэлжээ. Энэ нь Оросын хувьд Энэтхэгийн зах зээлд байр сууриа хадгалахын тулд тосондоо нэмэлт хөнгөлөлт үзүүлэх шаардлагыг бий болгож байгаа аж.
Эх сурвалж:
• dp.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.