ГХЯ: Монгол Улсад Казахстаны 24,395 иргэн, Казахстанд Монголын 23,849 иргэн зорчжээ

ГХЯ: Монгол Улсад Казахстаны 24,395 иргэн, Казахстанд Монголын 23,849 иргэн зорчжээ

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. 

Монгол, Казахстан улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж ирсэн бөгөөд хоёр улсын харилцаа өдгөө стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна. ГХЯ-наас консулын газар байгуулах нь тухайн бүс нутгийн харьяалал, иргэний харьяалал өөрчлөхтэй ямар ч холбоогүй бөгөөд олон улсын дипломат харилцааны нийтлэг практик болохыг онцоллоо.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон. 

Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор консулын байгууллагуудын үүрэг, ач холбогдол нэмэгдэж байгааг дурдсан байна. ХХЕГ-ын мэдээллээр 2025 онд Монгол Улсад Казахстаны 24,395 иргэн зорчсон бол Казахстанд Монгол Улсын 23,849 иргэн зорчжээ.

Одоогийн байдлаар Монголын “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы хотуудын хооронд долоо хоногт дөрвөн удаа, Казахстаны SCAT компани Астана-Улаанбаатар хотуудын хооронд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэж буйгаас гадна Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэх асуудлыг судалж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.