🔴Урт хугацааны асрамжийн даатгалын системийг бий болгох заалтыг анхдагч хуулийн төсөлд тусгажээ
УИХ-ын гишүүд хамтран боловсруулсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөл нь асрах үйлчилгээг зөвхөн халамжийн хэмжээнд бус, хүний амьдралын эрсдэлийг даатгах нийгмийн хамгааллын бие даасан багана гэж үзэх шинэ концепцын хүрээнд боловсруулагдсанаараа онцлогтой. Төслийг санаачлагчид хоёр жилийн хугацаанд нарийвчилсан судалгаа, шинжилгээ болон олон улсын харьцуулсан судалгааг хийсний үндсэн дээр уг анхдагч хуулийн төслийг бэлтгэжээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Монгол Улсад анх 1924 онд Батсүмбэрийн асрамжийн газар байгуулагдсанаас хойш 100 гаруй жил өнгөрчээ. Өнөөдрийг хүртэл асрамжийн газрыг зөвхөн харж хандах хүнгүй, ганцаардсан ахмадуудыг амьдруулдаг газар гэж харах сэтгэлгээ давамгайлж ирсэн. Халамж, асрамжийн үйлчилгээ авах иргэдийн тоо жил бүр өсөж байна. Тухайлбал, 2021 онд халамжийн тэтгэмж авагчдын тоо 65 мянга байсан бол 2025 онд 85 мянга болж, даруй 20 хувиар өсөхөөр байна. Сүүлийн таван жилд халамжид 1.2 их наяд төгрөгийг бэлэн мөнгөөр зарцуулсан ч асрах үйлчилгээ авах хүсэлтэй иргэдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна.
Улсын хэмжээнд өнөөдөр 11 асрамжийн газар ажиллаж байгаагийн найм нь төрийн санхүүжилтээр, гурав нь хувийн хэвшлийнх байна. Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байснаас олон хувийн асрамжийн газрууд үүдээ барихад хүрсэн. Асрах үйлчилгээг зөвхөн төр дааж явах нь эдийн засгийн хувьд хүнд ачаа болох тул хувийн хэвшлийг түлхүү оролцуулах, урт хугацааны асрамжийн даатгалын системийг бий болгох заалтыг хуульд тусгасан.
Манай улсын томоохон эмнэлгүүдийн орны ачааллын 40-50 хувийг байнгын асаргаа шаардлагатай хүмүүс эзэлж байна. Энэ нь хүнд өвчтэй, яаралтай тусламж шаардлагатай иргэдэд эмнэлгийн тусламж хүрэхэд хүндрэл учруулж, Эрүүл мэндийн даатгалын санд ачаалал үүсгэдэг. Асрамжийн газруудыг олноор байгуулж, үйлчилгээг сайжруулснаар эмнэлгийн орны ачаалал буурч, даатгалын сангийн хөрөнгийг яг шаардлагатай эмчилгээнд нь зарцуулах боломж бүрдэнэ.
Энэхүү хууль нь ахмадуудын сэтгэл зүй, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн хуулиар "Асрахуйн эдийн засаг" хэмээх ойлголтыг шинээр гаргаж ирж байна. Өнөөдөр гэр бүлийнхээ гишүүнийг асарч буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр үнэлэгдэхгүй, цалин хөлсгүй байгаагаас тэд нийгмийн амьдралд оролцох, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болдог. Хууль батлагдсанаар тэднийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-Монголчуудын эцэг эхээ асарч халамжилдаг сайхан уламжлалыг энэ хууль үгүйсгээгүй, иргэн бүрд чанартай үйлчилгээ авах сонголтыг нээж өгч байгаа. Нийт 64 гишүүний хамтран боловсруулсан уг хуулийн төслийг УИХ-ын дарга цаг үеэ олсон чухал хууль хэмээн дэмжиж, хэлэлцэхээр тохиролцлоо. Цаашид хувийн хэвшлийг энэ салбарт татан оролцуулахад хэвлэл мэдээллийнхний дэмжлэг чухал бөгөөд ирэх долоо хоногт БНХАУ-д болох асрамжийн үйлчилгээний олон улсын хуралд оролцож, туршлага судлахаар төлөвлөж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.