ОХУ-ын Гадаад хэргийн сайд цөмийн мөргөлдөөний аюулыг анхааруулав
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НАТО болон Баруун Европын орнуудад хандан, "Хэрэв шууд цэргийн мөргөлдөөн үүсвэл энэ нь гамшгийн үр дагавартай цөмийн зэвсгийн мөргөлдөөн болон хувирах аюултай" хэмээн анхааруулжээ.
Түүний бичсэн "Украин, Европ ба дэлхийн аюулгүй байдал" гарчигтай нийтлэлийг Брюссельд төвтэй "Politico Europe" хэвлэл нийтлэхээс татгалзсаны дараа ОХУ-ын Гадаад хэргийн яам зургаадугаар сарын 19-ний өдөр өөрийн албан ёсны сувгуудаар олон нийтэд хүргэсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "Politico Europe" цахим хуудасны шийдвэрийг эрс шүүмжилсэн байна. Тэрээр үүнийг Европын Холбооны шууд цэнзүүр бөгөөд үг хэлэх эрх чөлөө, ардчилсан олон ургальч үзлийн хувьд "давхар стандарт" баримталж буйн илэрхий нотолгоо гэж мэдэгдэв.
Нийтлэлд дурдсанаар, Оросын тал өнгөрсөн зургаадугаар сарын 7-ны өдөр Лондон хотноо Владимир Зеленский болон Их Британи, Франц, Германы удирдагчдын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг бодит хэлэлцээний үндэс суурь биш, харин тулган шаардалт гэж үзэн няцаасан байна.
Үүний зэрэгцээ Европын орнууд Украиныг Оросын эсрэг чиглэсэн бие даасан "цохилтын хүч" болгон ашиглахыг оролдож байгаагаас гадна Молдав, Армени улсуудыг өөрийн цэргийн нөлөөний бүсэд татан оруулахаар тэмүүлж байна гэж Сергей Лавров буруутгажээ.
Барууны болон Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сергей Лавровын мэдэгдлийг шууд заналхийлэл хэмээн хүлээн авч, хүчтэй хариу үйлдэл үзүүлэв.
Тухайлбал, "Daily Express" болон "Daily Mail" сонинууд Оросын зүгээс НАТО-д хандаж "цөмийн цохилт өгөх аюул заналхийлэл илгээлээ" хэмээн онцолжээ. Барууны шинжээчид болон Германы Гадаад харилцааны зөвлөл (DGAP) зэрэг байгууллагууд Оросын энэхүү ширүүн мэдэгдлийг Украины цэргийн хүчин чадал нэмэгдэж, Оросын нутаг дэвсгэрийн гүнд, тэр дундаа Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөнтэй холбон тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар, Москва цэргийн талбарт тулгарч буй хүндрэлээ цөмийн сүрдүүлгээр хаацайлахыг оролдож байна гэв.
ОХУ цөмийн зэвсгийн аюулыг сануулах замаар Барууны орнуудыг Украин, Молдав, Арменитай улам ойртохоос сэргийлэхийг оролдож байгаа бол Өрнөдийн удирдагчид үүнийг цөмийн аюулын дарамт шахалт гэж үзэж байна. Цаашид дипломат сувгууд хаагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бие биеэ буруутгах хандлага давамгайлж байгаа нь дэлхийн аюулгүй байдлын тогтолцоонд урт хугацааны сөрөг үр дагавар авчрахаар байна.
Эх сурвалж:
• mid.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.