С.Шаарийбуу: Хэрэг гарсны дараа бага хүү нь эхийгээ санан бэтгэрсээр хорвоог орхисон
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гавьяат багш С.Шаарийбууг хүлээн авч уулзан, 21 жилийн өмнө Малайз Улсад амь насаа алдсан түүний охин Ш.Алтантуяагийн хэргийн талаар тодруулж, ар гэрийнхнийх нь нөхцөл байдалтай танилцлаа.
Талийгаач Ш.Алтантуяа орчуулагч мэргэжилтэй бөгөөд 2006 онд Малайз Улсад ажлаа хийж явахдаа онц ноцтой гэмт хэргийн золиос болсон юм.
Охиных нь амь насыг хөнөөсөн хэргийн үнэнийг тогтоож, шударга ёсыг тогтоохын төлөө аав С.Шаарийбуу өнгөрсөн 21 жилийн хугацаанд тууштай тэмцэж ирсэн.
С.Шаарийбуу: Энэ хэрэгтэй холбоотойгоор Монгол, Малайз хоёр улсын дипломат харилцаа сүүлийн хоёр арваны хугацаанд идэвхгүй байдалд орсонд харамсаж байна. Төр засгийн түвшинд асуудалд илүү анхаарал хандуулах шаардлагатай.
Түүний хэлснээр хэргийн холбогдогч хоёр этгээдийн нэг нь Австрали Улсад эрх чөлөөтэй амьдарч байгаа бол нөгөө нь Малайз Улсад байгаа аж. С.Шаарийбуу хэргийн үнэнийг тогтоох, гол гэрчүүдийг амьд үлдээхийн төлөө олон жил тэмцсэний үр дүнд Малайзын Хааны зарлигаар яллагдагчдын цаазын ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчлүүлж чадсан байна. Хэрэв ийм шийдвэр гараагүй бол хэрэг бүрэн замхарч, үнэнийг тогтоох боломжгүй болох эрсдэлтэй байсан гэдгийг тэрбээр хэллээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал хохирогчийн ар гэрийнхний эрх ашгийг хамгаалахад төр засаг анхаарал хандуулж С.Шаарийбуу гуайд гурван өрөө байрны түлхүүр гардууллаа.
С.Шаарийбуу охиныхоо хэргийн араас хөөцөлдөх хугацаанд бүх зардлаа өөрөөсөө гаргаж ирснээ ярьсан юм. Тэрбээр социализмын үед төрөөс олгосон хоёр өрөө байраа зарж, их хэмжээний зээл хүртэл авч байж тэмцлээ үргэлжлүүлжээ.
С.Шаарийбуу: Талийгаач хоёр хүүтэй байсан. Хэрэг гарсны дараа бага хүү нь ээжийгээ санан бэтгэрсээр хорвоог орхисон. Миний хань ч бас хэргийн үнэн мөнийг үзэж чадалгүй өөд болсон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.