Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг

Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг

Олон улсын нэр хүндтэй Nature Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар тамхи татдаг байсан хүмүүс тамхиа хаясны дараа цахилгаан тамхи (вэйп) хэрэглэж эхэлсэн тохиолдолд уушгины хорт хавдар тусах болон уг өвчнөөр нас барах эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ.

Судалгаанд өмнө нь тамхи татаж байсан 4.5 сая хүний мэдээллийг ашигласан бөгөөд оролцогчдыг тамхиа бүрэн хаясан болон тамхинаас гарсны дараа вэйп хэрэглэж эхэлсэн гэсэн хоёр бүлэгт хуваан эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан байна.

Судалгааны дүнгээс үзэхэд тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал тамхиа бүрэн хаясан хүмүүстэй харьцуулахад 56 хувиар өндөр байсан бол уг өвчний улмаас нас барах эрсдэл хоёр дахин их гарчээ.

Судлаачид цахилгаан тамхи нь эрүүл мэндэд хор нөлөө багатай сонголт гэх ойлголт бодит байдалтай нийцэхгүй байж болохыг онцолж, тамхи болон вэйпийн хэрэглээг бууруулах бодлогын ач холбогдлыг тэмдэглэсэн байна.

Монгол Улс тамхинаас шалтгаалсан нас баралтын түвшин өндөр орнуудын тоонд багтдаг бөгөөд мэргэжилтнүүд цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэх нь цаашид хавдар болон амьсгалын тогтолцооны өвчлөлийг өсгөх эрсдэлтэй гэж үзэж байна. Иймээс тамхи болон цахилгаан тамхины хэрэглээг бууруулах, татварын бодлогыг чангатгах, борлуулалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай талаар эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.