АНУ болон Иран улсууд дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрлээ
АНУ болон Иран улсууд 100 гаруй хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэж, дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн үндсэн хүрээг тохиролцсон бөгөөд албан ёсны харилцан ойлголцлын санамж бичигт 2026 оны зургаадугаар сарын 19-ний баасан гарагт Швейцарын Женев хотноо гарын үсэг зурахаар боллоо.
Хоёр улсын хооронд үүссэн дайныг зогсоох уг түүхэн тохиролцоог зургаадугаар сарын 14-ний ням гарагт буюу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 80 насны төрсөн өдрөөр албан ёсоор зарласан бөгөөд энэ нь Ойрхи Дорнодын бүс нутаг болон дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад чухал алхам болно гэж үзэж байна.
Энхийн хэлэлцээрийн хүрээнд бүх фронтод цэргийн ажиллагааг нэн даруй бөгөөд бүрмөсөн зогсоохоор тусгасан байна. Пакистан болон Ираны албаны эх сурвалжуудын мэдээлснээр, үүнд Израиль болон Ираны дэмжлэгтэй Ливаны Хезболла бүлэглэлийн хоорондох мөргөлдөөнийг зогсоох асуудал багтжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг ямар нэгэн татвар хураамжгүйгээр нээх зөвшөөрлийг бүрэн олгосноо мэдэгдсэн бөгөөд Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд тус хоолойг 30 хоногийн дотор Ираны зохицуулалтын дор нээнэ гэж уламжлав.
Хэлэлцээрийн дагуу АНУ Ираны боомтуудад тавиад байсан тэнгисийн цэргийн бүслэлтээ цуцлахаар болсон бөгөөд энэ нь Иранд газрын тосоо чөлөөтэй борлуулах боломжийг олгох юм. Ираны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, тус улсын царцаагдсан 12 тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлөх асуудал хэлэлцээрт багтсан байж магадгүй байгаа ч Д.Трамп АНУ-ын засгийн газраас Иранд шууд бэлэн мөнгө шилжүүлэхгүй гэдгийг онцолжээ. Мөн талууд Ираны цөмийн хөтөлбөр болон баяжуулсан ураны нөөцийн асуудлаар нарийвчилсан хэлэлцээ хийх зорилгоор гал зогсоох хугацааг 60 хоногоор сунгаж, техникийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Ирэх баасан гарагт Швейцарт болох албан ёсны гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс болон Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф нар оролцохоор төлөвлөж байна. Хэдийгээр Д.Трамп газрын тосны урсгалыг нээж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн ч хэрэв Тегеран ирэх 60 хоногийн хугацаанд цөмийн зэвсгийн асуудлаар эцсийн тохиролцоонд хүрч чадахгүй бол цэргийн ажиллагааг дахин эхлүүлнэ гэдгээ хатуу анхаарууллаа. Энэхүү хэлэлцээр нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал суурь болох хэдий ч цаашдын цөмийн хэлэлцээний үр дүнгээс Ойрхи Дорнодын ирээдүйн амар амгалан шууд хамаарахаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.