🔴УИХ-ын хаврын чуулган долоодугаар сарын 3-нд хаана

AI хөрвүүлсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал болон дэд дарга Л.Ариунзаяа, Ж.Батсүмбэрэл нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн Ж.Батжаргал: 

-УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганыг ирэх долоодугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлүүлж завсарлуулахаар төлөвлөж ажиллаж байна. Чуулган өндөрлөх хугацаа дөхсөн учраас хэлэлцүүлгийн шатанд байгаа гол хуулиудыг эрэмбэлж, энэ хугацаанд батлахаар зорьж байна. Эдгээр хуулиуд нь 2027 оны улсын төсвийг боловсруулах суурь үндэслэл болох юм.

Энэ удаагийн чуулганаар бизнесийн эрх чөлөөг хангах багц хуулийг баталж гаргахаар ажиллаж байна. Мөн татварын дөрвөн хуулийг баталснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх татварын ачааллыг бууруулна. Энэхүү хуулиуд батлагдсанаар татварын ачаалал 2.2 их наяд төгрөгөөр буурч, энэ хэмжээний хөрөнгө баялаг бүтээгчид, иргэдийн гар дээр үлдэж, тэдний үйл ажиллагаа, амьдралын чанарт бодит дэмжлэг болно.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтайгаар дэмжиж, хаврын чуулганы хугацаанд батлуулахаар тогтлоо. Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдэх, тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдэхээс гадна олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийг урамшуулах эрх зүйн зохицуулалт хийгдэх юм. 

Монгол Улс 2028 онд багтаан Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулахаар төлөвлөж байгаа. Ингэхийн тулд дотоодын олборлолтыг зайлшгүй нэмэгдүүлэх ёстой. Мөн Гадаадын зээл ашиглалтыг сайжруулах тухай хуулийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна. Дэлхий нийтийн тодорхойгүй байдлаас шалтгаалан шатахууны хараат байдлыг бууруулах үүднээс зөвхөн ОХУ-аас биш, урд хөрш болон бусад улс орнуудаас нефтийн бүтээгдэхүүн импортлох, хоёр талт эх үүсвэртэй болох асуудлыг гэрээ хэлэлцээрийн түвшинд ярилцаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) босгыг өөрчлөх асуудлаар ажлын хэсэг гүйцээн боловсруулах чиглэл авсан. НӨАТ бол хэрэглээний татвар бөгөөд босгыг хэт өндөр тогтоох нь дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэл, бүтээгдэхүүний өртөгт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээг идэвхжүүлэх, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүйгээр хялбаршуулах чиглэлээр зохицуулалтыг нарийвчлан боловсруулж байна. Бүлгийн гишүүд НӨАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа бөгөөд үлдэж буй 20 орчим хоногийн хугацаанд эдгээр хуулиудыг эцэслэн батлахаар нэгдсэн ойлголцолд хүрлээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.