Жастин Трюдо найз бүсгүй Кэти Перригээ дэмжихээр ДАШТ-ий нээлтийн тоглолтыг өнжжээ
Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр эх орондоо болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг хойш тавьж, АНУ-ын Лос-Анжелес хотод тоглосон найз бүсгүй, поп од Кэти Перригийнхээ тоглолтыг үзсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.
Тэрээр зургаадугаар сарын 14-ний өдөр өөрийн шийдвэрээ хамгаалж, цахим сүлжээнд тайлбар хийсэн бөгөөд "Заримдаа халамжит найз залуугийн үүрэг хүлээх шаардлага гардаг" хэмээн бичжээ.
Түүхэн тоглолтын хуваарь зургаадугаар сарын 12-ны баасан гарагт таарсан бөгөөд Канад улс түүхэндээ анх удаа эх орондоо буюу Торонто хотод Босни ба Херцеговинагийн шигшээ багтай ДАШТ-ий нээлтийн тоглолтоо хийж, 1:1-ээр тэнцсэн юм.
Гэвч Жастин Трюдо энэхүү түүхэн тоглолтыг Торонто хотод биеэр үзэхийн оронд АНУ-ын Калифорни мужийн Инглвүүд дэх "SoFi" цэнгэлдэх хүрээлэнд болсон АНУ болон Парагвайн шигшээ багуудын тоглолтыг зорьжээ. Түүнийг цэнгэлдэх хүрээлэнд шар айраг ууж, Кэти Перритэй хамт байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурандаа буулгасан бөгөөд тус тоглолтод АНУ-ын шигшээ баг Парагвайг 4:1-ээр хожсон байна.

Поп од Кэти Перри Лос-Анжелес хотод болсон нээлтийн ёслолын үеэр өөрийн 2024 оны "143" цомгийн "Wonder" дуугаа дуулж, гол үзүүлбэрийг толилуулжээ. Тэрээр дизайнер Стелла Маккартнигийн мөнгөлөг өнгийн даашинзаар гоёсон бөгөөд Канад болон АНУ-ын төрийн далбааг зэрэгцүүлэн дүрсэлсэн энгэрийн тэмдэг зүүж хоёр улсад хүндэтгэл үзүүлсэн байна. Тоглолтынхоо дараа Кэти Перри тайзнаас гүйн бууж, Жастин Трюдог тэврэн үнссэн нь олны анхаарлыг ихээр татжээ.
Жастин Трюдогийн гаргасан шийдвэр Канадын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид болон цахим хэрэглэгчдийн дургүйцлийг ихээр хүргэсэн байна. Шүүмжлэгчид түүнийг эх орныхоо түүхэн нээлтийн тоглолтыг алгассаныг улс орон болон хөлбөмбөгийн спортыг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзэж байгаа бөгөөд улсынхаа удирдагч асан хүний хувьд хувийн харилцаанаас илүү үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой байсан хэмээн буруутгажээ.
Нөгөөтэйгүүр, зарим иргэд түүнийг өмгөөлж, тэрээр албан тушаалаасаа буусан тул Канадын тоглолтод заавал оролцох албан ёсны үүрэг хүлээхгүй бөгөөд зөвхөн хамтрагчаа дэмжиж байгаа энгийн иргэн гэдгийг онцолсон байна.
Улс төрчийн хувийн амьдралын тухайд, Жастин Трюдо нь 2025 оны нэгдүгээр сард Канадын Либерал намын даргын албан тушаалаа өгч, есөн жил хашсан Ерөнхий сайдын бүрэн эрхээ дуусгавар болгосон юм. Түүний Кэти Перритэй үүсгэсэн харилцааны тухай яриа анх 2025 оны долдугаар сард Монреаль хотод хамтдаа авахуулсан гэрэл зураг нийтлэгдсэнээр эхэлсэн бөгөөд тэд мөн оны арванхоёрдугаар сард инстаграм хуудсаараа дамжуулан харилцаагаа албан ёсоор баталгаажуулжээ. ДАШТ эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хосууд Нью-Йорк хотноо болсон Трибека кино наадмын үеэр "Katy Perry: The Lifetimes Tour" баримтат киноны нээлтэд хамтдаа анх удаа улаан хивсний ёслолд оролцсон байна.
Хэдийгээр олон нийтийн зүгээс шүүмжлэл тасрахгүй байгаа ч Жастин Трюдо өөрийн шийдвэртээ харамсахгүй байгаагаа илэрхийлж, Канадын далбааны зурагтайгаар эх орныхоо багийг ДАШТ-д түрүүлнэ гэдэгт итгэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан уламжилжээ.
Эх сурвалж:
• cp24.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.