Ц.Магалжав: Нэр бүхий хоёр бөхөд хариуцлага тооцсон нь нэг удаагийн үйлдэл, зөрчилд үндэслээгүй
Монголын Үндэсний бөхийн холбооны (МҮБХ) тэргүүн Ц.Магалжав цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл (ЁЗСХЗ)-ийн хурлаар нэр бүхий хоёр бөхөд ёс зүйн хариуцлага ногдуулжээ. Тус холбооны тэргүүн тухайн хоёр бөхөд нэг удаагийн үйлдлээр зөрчилд тооцож ёс зүйн хариуцлага хүлээлгээгүй бөгөөд асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэр гаргасан гэв.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:
-МҮБХ-ны ЁЗСХЗ-ийн ээлжит хурлаар нэр бүхий хоёр бөхөд ёс зүйн хариуцлага ногдуулсан шийдвэр гарсан. Улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд өмнө нь 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр зөвлөлийн хурлаар орж байсан. Тухайн үед зургаан удаагийн ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар хэлэлцэгдэж, өөрөө уучлал гуйсны учраас улсын өндөр цолтой бөхийн хувьд залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж явахыг сануулан, анхааруулга өгч барилдуулсан. Гэвч үүнээс хойш Монгол бөхийн өргөөнд болсон заал, танхимын барилдаануудын үеэр найман удаагийн зөрчил гаргасан.
Өөрийг нь давсан болон хамт барилдаж буй бөхчүүд, засуул, хөлийн цэцүүдийн өөдөөс зүй бус хандлага гаргаж, бүдүүлэг хараалын үг хэллэгийг удаа дараа хэрэглэсэн. Мөн Улсын начин Б.Сосорбарам тэргүүтэй нэр бүхий бөхчүүдтэй барилдаж унахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон. Өмнө нь сануулга авсан хэдий ч зөрчлөө давтан гаргасанд барилдах эрхийг таван сарын хугацаагаар хасах шийдвэр гаргасан.
Аймгийн арслан Я.Бумбаярын хувьд бусад бөхчүүдийн барилдааны дундуур өөрт хамааралтай бөхийн барилдаанд хөндлөнгөөс очиж оролцсон зөрчил гаргасан. Хэнд хандсан нь тодорхойгүйгээр ёс зүйгүй үг хэллэг ашиглаж, үзэгч олны дургүйцлийг хүргэсэн үйлдэл гаргасан учраас барилдах эрхийг нэг сарын хугацаагаар хасаж, хатуу анхааруулга өгөх шийдвэр гаргасан.
МҮБХ-ны ЁЗСХЗ нь холбооны Их хурлаар батлагдсан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бүрэлдэхүүнд нь хүний эрхийн хуульч, эрх зүйч, өмгөөлөгч, түүхч зэрэг мэргэжлийн хүмүүс багтдаг. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд тун нухацтай хэлэлцэж, бөхчүүдийг соён гэгээрүүлэх, анхааруулах чиглэлээр түлхүү ажилладаг. Дээрх хариуцлага тооцсон шийдвэрүүд нь зөвхөн нэг удаагийн үйлдэл, зөрчилд үндэслээгүй, удаа дараагийн давтамжтай асуудлыг нягтлан хэлэлцсэний үр дүн гэдгийг бөх сонирхогчдодоо албан ёсоор хэлье гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.