Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн өргөтгөлийн газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах тухай зэрэг 10 асуудлыг зөвлөлийн гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хэлэлцлээ.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ. Нийслэлийн төсвийн орлого “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан”-гийн эх үүсвэр болон төсөвт байгууллагын өөрийн орлого зэргээр нийт 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол хөрөнгийн зардлаас 443.2 тэрбум төгрөг хэмнэсэн байна. 

Хэмнэсэн зардлыг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний зардлын санхүүжилтийг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төсөвлөсөн” гэв.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдснээс үүдэж зөвхөн нийтийн тээвэрт сард 1.8 тэрбум, он дуустал 15 тэрбум төгрөгийн зардлын өсөлт гарсан. Үүнээс гадна хот нийтийн аж ахуйн чиглэлийн ус суваг, хот тохижилт гээд дизель түлш хэрэглэж байгаа газруудын асуудлыг төсвийн тодотголоор шийдэх боломж"-ийг тодруулахад шатахууны зардал 32 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээр хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжжээ. 

Мөн энэ онд газар зохион байгуулалтын чиглэлээр 895 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ба газар зохион байгуулалтын талаар НИТХ-ын долоон төлөөлөгчөөс 55 санал, нутгийн захиргааны байгууллагуудаас 65 санал ирүүлснийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, төслийг боловсруулжээ.

Газрын менежмент, газар зохион байгуулалт, нөхөн олговор олгох чиглэлээр нэмэлтээр 176 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, үерийн эрсдэлтэй бүст буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд найман дүүргийн нутаг дэвсгэрт 46.84 га газрыг дахин төлөвлөх, 66 байршлын 3177 нэгж талбарын 344 га газрыг нөхөн олговор олгох зэрэг ажил багтсаныг танилцуулсан байна. 

НИТХ-ын дарга Д.Ихбаяр “газрын маргаантай иргэдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй гээд Ерөнхий сайдын санаачилсан “ Чөлөөлье” аяны хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газар, талбайг чөлөөлөх зэрэг асуудлыг  шийдвэрлэхэд шаардлагатай бодлогыг боловсруулж, төлөвлөлтөө хийгээд дараагийн хурлаар оруулж хэлэлцүүлэхийг даалгав.

Мөн НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар:

-Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай

-“Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор” НӨТҮГ-ыг  Хүүхэд залуучуудын хөгжлийн цогцолбор болгох өөрчлөх тухай

-“Агро сити” Эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

-Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

-“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

-“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг  хэлэлцэж, НИТХ-ын XIII дугаар хуралдаанаар хэлэлцэн батлахыг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.