Наадмын сорилго барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарам нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, С.Сүхбат, харцага Т.Баасанхүү нар үлдсэн байна.
Тус барилдааны үеэр “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан О.Учралбаяр, “Уран барилдаант бөхийн шагнал”-ыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат аймгийн начин Ц.Лхагвамягмар, “Улсын цолонд ойрхон бөхийн шагнал”-ыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат аймгийн арслан Б.Баянсүх нарт олголоо.
Мөн Монголын үндэсний бөхийн холбооноос “Үнэнч, шударга барилдаант бөх”-өөр Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Л.Энхсаруулыг тодруулж, гэр бүлийн хамт гадаадад аялах эрхийн бичгээр урамшуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.