Өмнөд Африкийн Ерөнхийлөгч хууль бус цагаачлалтай тэмцэх арга хэмжээг танилцууллаа
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамапоса 2026 оны зургаадугаар сарын 7-ны өдөр үндэстэн даяар хандан хэлсэн үгэндээ хууль бус цагаачлалтай тэмцэх, хилийн хяналтыг чангатгах цогц арга хэмжээг албан ёсоор танилцууллаа.
Засгийн газрын танхимаар батлуулсан "Цагаачлалын удирдлагын цогц хандлага" хэмээх шинэ стратеги нь сүүлийн өдрүүдэд тус улсад хурцадсан гадны иргэдийн эсрэг хүчирхийллийг намжаах, хилийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Шинэ төлөвлөгөө нь хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хил хамгаалалтыг бэхжүүлэх, авлигыг устгах, хууль эрх зүйн шинэчлэл хийх болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн таван үндсэн тулгууртай.
Хилийн удирдлагын газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 450,000 гаруй хууль бусаар хил нэвтрэх оролдлогыг таслан зогсоосон бөгөөд цаашид энэ чиглэлийн үйл ажиллагааг улам чангатгах аж. Түүнчлэн бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах үйл явцыг түргэсгэх тусгай шүүх байгуулж, хууль бус гадаадын иргэдийг ажилд авсан ажил олгогчдод ногдуулах торгуулийг нэмэгдүүлэн, хорих ял хүртэл шийтгэл оногдуулахаар хуульчилж байна. Мөн одоогийн "ногоон дэвтэр" хэлбэрийн иргэний үнэмлэхийг өндөр нууцлал бүхий цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ шийдвэр нь Өмнөд Африк даяар гадны иргэдийг гадуурхах хандлага хурцадсан үед гарч байгаа юм. Ялангуяа зургаадугаар сарын 5-нд Йоханнесбург хотын ойролцоох Бенонид хууль бус цагаачдын эсрэг жагсаал ширүүсэж, хүчирхийллийн улмаас Мозамбик улсын таван иргэн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Гана, Нигери, Малави зэрэг улсууд өөрсдийн иргэдээ эх оронд нь яаралтай эргүүлэн татаж эхлээд байна.
Ажилгүйдэл, ядуурлыг бодитоор шийдвэрлэхийн тулд эдийн засгийн өсөлт, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэн чухал гэдгийг Африкийн Ерөнхийлөгч онцолсон юм.
Эх сурвалж:
• gov.za
• gov.za
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.