Олон улсын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-ий үеэр вувузела үлээхийг хориглов
Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА нь АНУ, Канад, Мексик улсуудад хамтран зохион байгуулах 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх цэнгэлдэх хүрээлэнд вувузела болон бусад дуу чимээ гаргагч хэрэгслийг оруулахыг албан ёсоор хориглолоо. Уг шийдвэрийг 35 хуудас бүхий "Цэнгэлдэх хүрээлэнгийн дотоод журам"-д тусгасан бөгөөд гурван улсын 16 хотод байрлах бүх талбайд нэгэн адил үйлчлэх юм.
Шинэчилсэн журмын дагуу хөгжөөн дэмжигчид 2010 оны Өмнөд Африкийн ДАШТ-ийн бэлгэдэл болсон хуванцар бүрээ буюу вувузелагаас гадна хийн дуут дохио, шүгэл, чанга яригч зэргийг авч орох эрхгүй болжээ. Мөн аюулгүй байдлын үүднээс лазер гэрэл, дрон, дахин ашиглах боломжтой усны сав, том хэмжээний цүнх, шүхэр, хүүхдийн тэрэг зэрэг эд зүйлсийг хориглосон жагсаалтад оруулсан байна. Түүнчлэн биеийн будаг болон шивээсийг хувцаст тооцохгүй бөгөөд олон нийтийн газар биеэ ил гаргахыг хатуу хоригложээ.
ФИФА-гийн зүгээс эдгээр хязгаарлалтыг тогтоох болсон хэд хэдэн шалтгааныг тайлбарласан байна. Нэгдүгээрт, тасралтгүй үргэлжлэх нэгэн хэвийн чимээ нь тоглогчид болон шууд дамжуулалтын багийнханд саад учруулдаг. Хоёрдугаарт, хуванцар бүрээг зэвсэг болгон ашиглах, талбайн харилцаа холбоонд хөндлөнгөөс нөлөөлөх эрсдэлтэй гэж үзжээ. Үүнээс гадна олон хүн цугласан орчинд ийм төрлийн хэрэгсэл нь ханиад, томуу зэрэг агаар дуслын замаар халдварладаг өвчнийг тараах нөхцөл бүрдүүлдэг болохыг өмнөх судалгаанууд харуулсан байна. Мөн анх удаа 48 баг оролцож буй тус тэмцээнийг зохион байгуулагч гурван улсын хэмжээнд аюулгүй байдлын нэгдсэн стандарт тогтоох зорилготой ажээ.
Хэрэв үзэгчид хориглосон эд зүйлсийг биедээ авч явах эсвэл бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гаргавал хатуу хариуцлага хүлээхээр заасан байна. Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрүүлэхгүй байх, талбайгаас шууд албадан гаргах, цаашлаад тасалбар болон мандатын эрхийг нь бүрмөсөн цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Дээрх шийдвэр нь 16 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан вувузелагийн эрин үеийг хөлбөмбөгийн хамгийн том тайзнаа эцэслэж байна. Ирэх зургадугаар сарын 11-нд эхлэх Мексик болон Өмнөд Африкийн шигшээ багуудын нээлтийн тоглолт нь шинэчилсэн чимээгүй цэнгэлдэх хүрээлэнгийн журмын анхны томоохон шалгалт болох хүлээлттэй байна.
Эх сурвалж:
• dawn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.