COP17 бага хуралд 196 орны 8000-10 мянга орчим зочид, төлөөлөгч оролцоно
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр танилцлаа.

Өнөөдрийн байдлаар COP17 хурлын цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан. Авто зам, зогсоолын байгууламж барих нийт ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна. Дугуйн замын нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна тохижилтын ажлын хүрээнд 100 ширхэг модыг шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4500 мод тарих ажлыг гүйцэтгэж байна.
Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах юм.
Тус бага хуралд 196 орны 8000-10 мянга орчим зочид, төлөөлөгч оролцох юм.
COP17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.